/2022.11.01/: Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран өнөөдөр Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж, 2015 оныг хүртэл нийт дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд байгалийн ургамал түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг зохицуулах, түүнчлэн Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хуулийн хийдэл, давхардлыг арилгаж, шинээр батлагдсан Генетик нөөцийн тухай хуультай уялдуулахаас гадна байгалийн ургамлыг тарималжуулж, үйлдвэрлэлд ашиглах, ургамлын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Үргэлжлүүлэн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох “Монгол орны байгалийн ургамлын олон янз, өнөөгийн төлөв байдал”, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Г.Оюунгэрэл “Байгалийн ургамлыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, өнөөгийн байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Анандбазар, Улсын Их Хурлын Ж.Батжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, байгалийн ургамлаар эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: УИХ