Өчигдрийн цаснаар 1099 хүн 103 машин, техниктэй ажиллажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдрийн цаснаар 1099 хүн 103 машин, техниктэй ажиллажээ

/2022.10.31/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Хотын дарга өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдоос тодруулахад “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн.

Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3000 тонн орчим нөөцтэй” хэмээлээ.

Мөн үргэлжлүүлэн Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажил, хүндрэл бэрхшээл болон иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын талаар дүүргийн Засаг дарга нараас тодруулав. Дүүргүүдийн хувьд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж.

Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц “Цас их хэмжээгээр орсонтой холбоотой халтиргаа, гулгаа нэмэгдсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Онцгой байдлын хэлтэс болон Хот тохижилтын алба ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 28 албан хаагч 253 иргэн, аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт 300 кг давс, 1.5 тонн бодис цацсан” хэмээв.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Хоёр өдөр дараалан цас орсны улмаас нөхцөл байдал хүнд байлаа. 10 тонн бодис нөөцөөс гаргаж ажилласан. Онцгой байдлын хэлтсээс 43 дуудлагаар 58 автомашин 251 хүнд аврах ажиллагааг зохион байгууллаа. Улаанбаатар-Хэнтий, Хэнтий-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн гурван том оврын автобусаар зорчсон 120 иргэнийг Багануур дүүрэгт түр байрлуулсан. Өнөөдөр оройноос мөн цас орох магадлалтай. Өвөлжилтийн бэлтгэл 93.8 хувьтай байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. 7691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 59 байгууллагын 1400 гаруй албан хаагч хяналт тавьж, иргэдэд мэдээлэл өгч байна. Борлуулалтын 31 цэг ажиллаж байгаа. Цас орох үед Тэрэлж орчмын хоёр даваанд 250 гаруй машин 500 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зам, харгуйн цэвэрлэгээнд гурван чиглэлд хүмүүсээ хуваарилж, ажилласан. Зургаан тонн бодис, 30 тонн давсны үлдэгдэлтэй байна” хэмээн ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байна. Өчигдрийн цаснаар 10 тонн бодис, 24 тонн давс цацаж, авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгожээ. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 115 цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сард нэмж 45 цэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд төв зам дагуу гэхээс илүү алслагдсан газруудад түлшний цэг байгуулах шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн хувьд 356 тонн давс, 176 тонн бодисын нөөцтэй бол Чингэлтэй дүүрэгт тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн аж ахуйн нэгж хийдэг. Давс, бодисын нөөц хангалттай байгаа аж.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гэр хорооллын 8900 өрхөд 29 цэгт түлшний борлуулж байна. 300 өрх тутамд нэг цэг гэж тооцсон. Өнгөрсөн цаснаар гурван бригад, 93 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 40 тонн давс, 10 тонн орчим бодис цацлаа” хэмээсэн бол Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Сайжруулсан түлшний борлуулалтын 42 цэг ажиллаж байгаа. Цас орсонтой холбоотойгоор дүүргийн хэмжээнд дөрвөн байгууллага ажиллаж, 65.5 тонн давс цацсан” гэдгийг хэллээ.

Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг зохион байгуулалтад орж, бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ

Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав
Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.