/2022.10.31/ УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрээ танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
-Бид төсвийн сахилга бат, хариуцлага, хяналт гэдэг зүйлийг маш чухлаар авч үзэж байгаа. Энэ жил болон ирэх жилүүдэд улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүд маш их байна. Энэ хүрээнд томоохон төсвийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд тодорхой эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтын ажлуудыг ярьж байгаа шалтгаан нь, зөвхөн энэ жилийн хувьд 2023 оны төсвийн төсөл дээр 2,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүд улсын төсвөөр хийгдэнэ. Гэтэл дараа жил хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1,5 их наяд төгрөг байна. 2025 онд 233 тэрбум. Нийлбэр дүнгээрээ бараг энэ жилийн төсөвтэй дүйцэхүйц 2 их наяд төгрөгийн санхүүжилт яригдахаар байна. Тиймээс төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, төсөвт ачаалал үүсгэхгүй байх үүднээс Төсвийн тухай хуульд зарим нэг шинэчлэлт хийх шаардлагатай байна гэж үзсэн.
Тиймээс Төсвийн тухай хуульд сахилга батыг сайжруулахтай холбоотойгоор 2,3 зүйл заалтыг оруулж ирж байгаа. Хэрэв эдгээр зүйл заалтууд батлагдвал ирэх оноос эхлэн шинэ төсөл хөтөлбөр, арга хэмжээний асуудлууд бүгд нэг кодтой болно. Цаашид хяналтын системүүд хэрэгжээд явах боломжтой.
Мөн цаашид шинэ хөрөнгө оруулалтын төслүүдэд тавих санхүүжилтийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас доошгүй хувь байх асуудлыг тавьж байна. Тэгэхээр улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд барилга барьж, бүтээн байгуулалт хийж байгаа бол тухайн жилдээ бүх ажил нь дуусдаг байх асуудлыг ярьж байна. Бүр цаад талын хугацаа нь 3 жил байхаар байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төслүүдэд эргээд хяналт шалгалт хийж, төсвийн хяналтын сонсголыг УИХ-аар хэлэлцдэг байхаар хуульд тусгаж өгч байгаа гэлээ.