/2022.10.28/: Элон Маск Твиттерийн албан ёсны эзэмшигч болсны дараа хийсэн анхны алхамуудын нэг нь Твиттерийн гол удирдлагуудыг ажлаас нь халсан явдал боллоо.
New York Times, CNBC, Wall Street Journal, Washington Post болон бусад хэвлэлүүдийн мэдээлснээр Маск гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүүгийн захирал Нед Сегал, ерөнхий зөвлөх Шон Эджетт, хууль эрх зүйн бодлого, итгэлцэл, аюулгүй байдлын албаны дарга Вижая Гадде нарыг ажлаас нь халсан байна.
Теслагийн гүйцэтгэх захирал өмнө нь Дональд Трампыг твиттерт орохыг хориглох шийдвэрт оролцсон Гадде-г өөрийн твиттер хуудаснаа шүүмжилж байсан юм. Тэр бас Агравалтай ч ам зөрсөн тохиолдол байдаг.
Маск Twitter-ийн ажилтнуудын 75 хувийг цомхотгох хүсэлтэй байна гэсэн цуурхал тарж байсан бөгөөд өчигдөр орой дөрвөн захирлыг халсан нь Твиттерийн үлдсэн ажилчдыг айдаст автуулж байна.
Твиттерийн үүсгэн байгуулагч Биз Стоун ажлаас халсан хүмүүсийн талаар үг жиргэв.
Thank you to @paraga, @vijaya, and @nedsegal for the collective contribution to Twitter. Massive talents, all, and beautiful humans each!
— Biz Stone (@biz) October 28, 2022
Агравал Твиттерт 2011 онд ажилд орсон бөгөөд саяхан гүйцэтгэх захирлын ширээнд суусан юм. Гэвч хэдхэн долоо хоногийн дотор Агравалын бүтцийн өөрчлөлт хийснээр 2019 онд тус компанид ажилд орсон Твиттерийн дизайн хариуцсан захирал Дантли Дэвис болон 2011 онд ажилд орсон Инженерийн албаны дарга Майкл Монтано нар албан тушаалаасаа буусан юм. Удалгүй Twitter Мэдээллийн аюулгүй байдлын ахлах ажилтан Ринки Сети болон Аюулгүй байдлын албаны дарга Пейтер Затко гэх хоёр удирдагчаа алдсан байжээ.
Эх сурвалж: Techcrunch