Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авсан зөрчил илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авсан зөрчил илэрчээ

/2022.10.17/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав.

Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлд хамаарах хотын стандартуудыг мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулав.

Тэрбээр “Стандартын баримт бичгийн дагуу энэ онд 15 байршилд 4118 гэрэлтүүлгийн шон буюу гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан. Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудах гэх мэт зөрчил илэрч байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон гэрэлтүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах шаардлагатай байна” гэдгийг хэллээ.

Хотын дарга гэрэлтүүлэг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс сэргийлэх чухал ач холбогдолтойг онцлоод, дүүргүүдийн хэмжээнд гэрэлтүүлэг ямар байгааг тодруулав.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 21 мянган гэрэлтүүлэгтэй бөгөөд засвар, арчилгаа, үйлчилгээнд хоёр компани ажиллаж байна. Өмнө нь 13 мянган гэрэлтүүлэгтэй байсныг ийн нэмжээ. Гэр хороололд гэрэлтүүлэг 93-95 хувьтай байна гэсэн бол Баянзүрх дүүрэгт гэрэлтүүлэг 65 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн хувьд 17 мянган гэрэлтүүлэгтэй, 98 хувийн асалттай. Баянгол дүүрэг 7780 гэрэлтүүлэгтэйгээс 2580-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэрээт компани хариуцдаг. Үлдсэнийг дүүргийн хоёр аж ахуйн нэгж хариуцдаг. Асалт 91 хувьтай. 3000-4000-ийнх нь ашиглалтын хугацаа найман жил болсон тул гэрлийн толгой солих ажлыг дүүргээс үе шаттай хийж байна. Чингэлтэй дүүрэгт гэрэлтүүлэг 98 хувьтай байгаа аж.

Хан-Уул дүүргийн хувьд Яармаг, Нисэх зэрэг алсын гурван хорооны гэрэлтүүлэг сайн ч хуучирч, муудсан асуудал бий. Дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа гэв. Энэ жил 400 орчим гэрэлтүүлэг шинээр тавьжээ. Орон сууцны хороололд мөн гэрэлтүүлэг тавих шаардлага үүсэж байгаа. Гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна.

Налайх дүүрэг 1000 гэрэлтүүлэгтэй байсныг 6000 орчим болгож нэмжээ. Дүүргийн хувьд гэрэлтүүлэг 70 хувьтай байгаа. Багануур дүүрэг 2022 онд гэр хорооллын гэрэлтүүлгийг 25 орчим хувиар нэмэгдүүлж, 30 орчим хувь болгожээ. Багахангай дүүрэгт гэрэлтүүлэг 70 орчим хувьтай байна. Нэг гэр хорооллын гэрэлтүүлгийг шинэчлэх ажил хийсэн. Шинэ суурьшлын бүсүүд нэмэгдэж байгаа. Иймээс гэрэлтүүлэг нэмэх зайлшгүй шаардлагатай. Гэрэлтүүлгийн асалт 98 хувиас дээш байна гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ

АСЕМ, Дугуй цагаан, Богдын музейн тохижилт 90 гаруй хувьтай байна
АСЕМ, Дугуй цагаан, Богдын музейн тохижилт 90 гаруй хувьтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.