/2022.10.17/: ХКН-ын XX их хурлын нээлтийн ёслол өчигдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэллээ.
Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны гол итгэлийг их хуралд тавив.
Гурван томоохон түүхэн үйл явдлыг туулан өнгөрүүлэв
XVIII их хурал хуралдсанаас хойш арван жил болж байна. Өнгөрсөн арван жилд бид нам, ард түмний үйл хэрэгт асар их практик, алс хэтийн түүхэн ач холбогдолтой гурван томоохон үйл явдлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал,
Нэгт, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн,
Хоёрт, Хятадын онцлогтой социализмын шинэ эринд орсон,
Гуравт, ядуурлаас бүрэн ангижирч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах түүхэн үүргийг биелүүлж, нэгдүгээр 100 жилийн тэмцэх зорилтоо биелүүлсэн.
Энэ бол ХКН, Хятадын ард түмний эв нэгдэлтэй тэмцлээр олж ирсэн түүхэн ялалт, мөн Хятадын үндэстний хөгжлийн хуудсанд үлдэх түүхэн чанартай ялалт, дэлхий дахинд асар их үр нөлөө үзүүлсэн үйл явдал юм.
Хятадын эдийн засгийн хүчин чадал үсрэнгүй хөгжсөн
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын ДНБ 54 их наяд юань байснаас 114 их наяд юаньд хүрч нэмэгдэн, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, 7 нэгжээр нэмэгдэн, дэлхийд хоёрдугаарт орсон юм.
Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болов
Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны томоохон түнш болж, барааны худалдааны нийт хэмжээгээр дэлхийд тэргүүлэн, гадаад хөрөнгийг татах, гадаадад хөрөнгө оруулах хэмжээгээр дэлхийн тэргүүн эгнээнд жагсаж, илүү өргөн, илүү гүнзгий нээлттэй байдлыг буй болгож байна.
Хятад улс шинийг санаачлагч орнуудын эгнээнд орлоо
Хятад улс зарим гол гол технологид ахиц дэвшил гаргаж, шинэ тулгар хөгжиж буй стратегийн аж үйлдвэрүүд шинэ хөгжилд хүрч байна. Нисэгчтэй сансар хөлгийн судлал, сарны тандалт, ангараг гаригийн тандалт, далайн гүний хайгуул, суперкомпьютер, хиймэл дагуулын навигаци, квант мэдээлэл, цөмийн эрчим хүчний технологи, том оврын нисэх онгоцны үйлдвэрлэл, биоанагаах ухааны салбарт томоохон ололт амжилтад хүрч, инновацилаг улс орнуудын эгнээнд орсон байна.
Эх орны маань тэнгэр нь цэлмэг, уул нь ногоон, ус нь тунгалаг болов
Сүүлийн 10 жилийн хугацаанд, бид тунгалаг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг гэх үзэл баримтлалыг баримталж, уул ус, ой мод, нуур бүрд, өвс бэлчээрээ системтэй хамгаалж, экологийн соёл иргэншлийн тогтолцооны системийг илүү боловсронгуй болгож, экологи байгаль орчны хамгаалалтад түүхэн чанартай, бүх талын өөрчлөлт хийснээр эх орны маань тэнгэр нь цэлмэг, уул нь ногоон, ус нь тунгалаг болсон юм.
ХКН-ын гол үүрэг бол орчин үеийн хүчирхэг социалист улс орныг байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх явдал юм
Одооноос эхлэн ХКН-ын гол үүрэг бол улс орныхоо олон үндэстний ард олныг дайчлан орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм. Орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулахад стратегийн ерөнхий зохицуулалтыг хоёр үе шатанд хуваан хийх болно.
2020-2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах болно. Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах ажлыг эхлүүлэх чухал үе байх болно.
Хятад улс чадварлаг хүмүүсээр улс орноо хүчирхэгжүүлэх стратеги хэрэгжүүлнэ
Хятад улс чадварлаг хүмүүсээр улс орноо хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, хөдөлмөр, мэдлэг боловсрол, чадварлаг хүмүүс, бүтээлч ажлыг дээдлэн, чадварлаг боловсон хүчний стратегийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэлхийн чадварлаг хүмүүсийн чухал төв, инновацийн өндөрлөг газар болох бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, олон улсын чадварлаг хүмүүсийн өрсөлдөөний харьцангуй давуу тал бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Мөн чадварлаг боловсон хүчний нам, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхийг дэмжинэ.
Хятад маягийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл юм
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист орчин үеийн шинэчлэл бөгөөд энэ нь бүх улс орнуудын орчин үеийн шинэчлэлийн нийтлэг онцлог шинжтэй төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд суурилсан Хятадын онцлог юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь асар их хүн амтай, бүх ард иргэдийг чинээлэг амьдралтай болгосон, материаллаг соёл иргэншил, оюуны соёл иргэншлийг уялдуулсан орчин үеийн шинэчлэл, мөн хүн ба байгаль эв зохиролтой зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл, энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн шинэчлэл юм.
Эдийн засгийн хөгжлийн гол хүчийг бодит эдийн засагт чиглүүлнэ
Хятад улс өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, социалист эдийн засгийн үндсэн тогтолцоог тууштай баримтлан төгөлдөржүүлж, нийтийн өмчийн эдийн засгийг гуйвшгүй бэхжүүлэн хөгжүүлж, нийтийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж удирдана. Нөөц баялгийн хуваарилалт дахь зах зээлийн шийдвэрлэх үүрэг ролийг сайтар гүйцэтгүүлж, засгийн газрын үүргийг илүү сайн хэрэгжүүлнэ.
Бид орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулж, бодит эдийн засагт анхаарлаа хандуулан, шинэ үйлдвэржилтийг ахиулж, аж үйлдвэрийн хүчирхэг орон, чанар чансаа, сансар огторгуй, зам тээвэр, интернетийн сүлжээ, дижитал гэх олон салбарт манлайлагч улс орныг бүтээн байгуулахыг түргэтгэнэ. Хөдөө орон нутгийн сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг нэн тэргүүнд хөгжүүлэн, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататган, хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө тосгоны үйлдвэрлэл, чадварлаг боловсон хүчин, соёл, экологи, зохион байгуулалтыг сэргээн хөгжүүлэхийг тууштай ахиулна. Хүнсний аюулгүй байдлыг бүх талаар бататгаж, 120 сая га тариалах газрын улаан шугамыг хатуу барьж, Хятадын ард түмний хоол хүнсний асуудлыг өөрсдөө шийдвэрлэнэ. Бүс нутгийн зохицонгуй хөгжлийг ахиулж, бүс нутгийн уялдаа холбоотой хөгжлийн стратеги, бүс нутгийн гол стратеги, үндсэн чадавх бүхий бүсийн стратеги, хотжилтын шинэ стратегийг сайтар хэрэгжүүлнэ.
Бид гадаадад нээлттэй байдлыг өндөр түвшинд ахиулж, дүрэм, тогтоол, менежмент, стандарт зэрэг тогтолцооны чанартай нээлтийг цаашид өргөжүүлж, худалдааны хүчирхэг орон байгуулахыг түргэтгэнэ. "Бүс ба зам"-ын чанартай хөгжлийг ахиулан, олон улсын эдийн засгийн олон талт, тогтвортой байдлыг хамгаалж, олон улсын эдийн засаг, худалдааны харилцааг баталгаажуулна.
ХКН ард түмнийхээ төлөө үйлчилдэг
Ши Жиньпин хэлэхдээ, улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон юм. ХКН ард түмнээ удирдан улс орноо байгуулж, улс орноо хамгаалж, ард түмнийхээ төлөө үйлчилдэг. Улс орноо засаглахад зарчим бий, ард түмэнд ашигтай байх нь үндэс суурь юм. Ард түмэнд хүртээмжтэй байх нь олон нийтийн төлөө нам байгуулах, ард түмний төлөө засаг барих үндсэн шаардлага юм.
Бид хөгжлийн явцад ард түмний амьжиргааг баталгаажуулан, сайжруулж, ард олныг илүү сайн амьдралтай болгохын төлөөх хүчин чармайлтыг дэмжиж, тэдний хүсэл тэмүүллийг биелүүлэх ёстой. Бид өргөн олон ард түмний язгуур эрх ашгийг хамгаалан, хөгжүүлж, ард түмний хамгийн их анхаарч буй асуудлыг зохицуулан, чадах бүхнээ хийх ёстой. Ард түмний амьдрал ахуйд тустай арга хэмжээ авч, ард түмний тулгамдсан, хүлээлттэй асуудлыг сайтар шийдвэрлэх ёстой. Төрийн үйлчилгээний системийг боловсронгуй болгож, үйлчилгээний түвшнийг дээшлүүлж, тэнцвэр, хүртээмжийг нэмэгдүүлэн, хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай дэмжих ёстой.
Тайванийн асуудлыг шийдэх нь Хятадын ард түмний өөрийн ажил хэрэг
Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь Хятадын ард түмний өөрийнх нь ажил хэрэг, Хятадын ард түмэн л шийдэх ёстой. Бид хамгийн чин үнэнч, хамгийн их хүчин чармайлт гаргаж, энх тайвнаар нэгдэхийг биелүүлэхээр чармайж байгаа боловч хүч хэрэглэхээс татгалзана гэдэг амлалт хийхгүй, шаардлагатай бүх арга хэмжээг авах сонголтоо нөөцлөх болно. Энэ нь гаднын хөндлөнгийн оролцоо болон цөөхөн тооны "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг санаархаж байгаа хагалан тусгаарлагчид ба тэдний хагалан тусгаарлах оролдлогод чиглүүлж байгаа юм, харин Тайванийн эх орон нэгтэй ахан дүүст чиглүүлж байгаа биш. Үндэстний эв нэгдэл, үндэсний сэргэн мандалтын түүхэн хүрд урагшаа эргэлдэх болно, эх орны бүрэн нэгдлийг биелүүлэх ёстой бөгөөд лавтай биелэгдэх юм.
Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагш тэлэлт хийхгүй
Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлогыг тууштай хэрэгжүүлж, өөрийн байр суурь, бодлогоо тухайн үйл явдлын үнэн мөнд үндэслэн боловсруулан хэрэгжүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалан, ямарваа хэлбэрийн жанжлах үзэл, хүчний улс төрийг эрс эсэргүүцэж, хүйтэн дайны сэтгэхүй, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцнэ. Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагш тэлэлт хийхгүй.
Авлигатай үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй
Авлигалтай тэмцэх ажлыг тууштай хийх хэрэгтэй. Авилга бол намын эрч хүч, тэмцлийн зоригт заналхийлэх хамгийн том хорт хавдар бөгөөд авлигатай тэмцэхэд хамгийн чухал нь өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Авилга бий болох нөхцөл байгаа цагт авлигатай тэмцэх ажлыг яасан ч зогсоож болохгүй, харин хэзээд авлига авч зүрхлэхгүй, авахгүй, хүсэхгүй байх ёс зүйг төлөвшүүлж, авлигатай үргэлжлүүлэн хатуу тэмцэх хэрэгтэй.
Нүүрстөрөгчийг саармагжуулах бодлогыг идэвхтэй дэмжинэ
Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгож, нүүрстөрөгчийг саармагжуулах бодлогыг идэвхтэй дэмжин хэрэгжүүлж, Хятадын эрчим хүчний нөөцөд тулгуурлан, нүүрстөрөгчийг саармагжуулах төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэн, эрчим хүчний хувьсгалыг гүнзгийрүүлж, цэвэр, үр ашигтай нүүрсний хэрэглээг эрчимжүүлэн, эрчим хүчний шинэ системийг байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн засаглалд идэвхтэй оролцох болно.
Эх сурвалж: MNCCTV.COM