/2022.10.16/: Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар тус улсад 2022 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын төлөөлөгчид багтсан.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар айчлалын хүрээнд тус улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бага зэрэг саарсан ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монголын парламентын төлөөлөгчид айлчлан ирж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа дахин эрчимжиж буйд талархлаа илэрхийлсэн.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг 2011 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хоёр орны харилцаанд нэгэн чухал үйл явдал болсон. Энэ нь Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк улсыг гурав дахь хөршөө гэж үзсэнийг тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, зорчигчдын тооны хязгаарыг цуцлах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэж байлаа.
Тус улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп хэлсэн үгэндээ, хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхтэй, үр дүнтэй үргэлжлүүлж, тэр дундаа парламентуудын бүлгүүд, Байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдах Турк гаралтай улсуудын холбооны Парламентын Ассамблейн 11 дэх удаагийн чуулганд хүрэлцэн ирэхийг урилаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцээний эхэнд, Бүгд Найрамдах Турк Улсад Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд, хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцаа хагас зуун жилийн түүхтэй ч монгол, туркын ард түмэн өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой байсан гэдгийг онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ агаарын тээврийн хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн.
Тэрбээр, Манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Бид жил бүр 100 мянган тонн мах, 25 сая ширхэг арьс шир, түүхий эд экспортлох бүрэн боломжтой. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаар хангадаг. Иймд Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа дурдсан. Энэ хүрээнд Туркийн талтай хүүхдийн сүү, сүүн тэжээлийн үйлдвэрийг байгуулах боломжтой гэж үзэж байна гэв.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор харилцан жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдсан.
Тэрбээр, Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь, манай улсын Архангай аймагт эртний Түрэгийн хаант улсын түүхэнд хамаарах хөшөө дурсгал зэрэг археологийн үнэт олдвор олдсоныг дурдаад соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, эдгээрийг түшиглэн аялал, жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах зэргээр идэвхтэй хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.