/2022.10.12/: Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах ( ISSF World shooting championships) 53 дахь удаагийн тэмцээн энэ сарын 12-28-нд Египетийн Каир хотноо болно.
Хоёр зууны өмнө, бүүр XIX зуунд , тодруулбал 1897 оноос түүх нь эхэлдэг энэхүү тэмцээн 1954 оноос хойш дөрвөн жил тутам зохиогдож буй, хөлбөмбөг, сагсан бөмбөг гэх мэт цөөхөн спорт шиг дөрвөн жилд ганц зохиогддог үнэ цэнэтэй, нэр хүнд өндөр тэмцээний нэг билээ.
Буудлага спортын ДАШТ-ээс Монголын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд ДАШТ-ий бүх цаг үеийн түүхэнд медаль хүртсэн 75 орон байдгаас манайх 54-т жагсдаг.
"Каир-2022" ДАШТ-ий олимпийн дасгал тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад "Парис-2024" олимпийн эрх олгох учраас энэ удаагийн ДАШТ өрсөлдөөн маш их байх юм. Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн эрх олгодог байсан журмаа Олон улсын буудлага спортын холбоо (ISSF -International Shooting Sport Federation) өөрчилж, зөвхөн тив, дэлхийн АШТ-ээс олимпийн эрх олгох болж байгаа.
Энэ удаагийн тэмцээнд Монголын буудлага спортын шигшээ баг гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлагаар нилээд өргөн бүрэлдэхүүнтэй Египетид очоод байна.
Манай тамирчид УРТ БУУ төрөлд:
- Эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн бууны дасгалд хувийн амжилтаар Н.Баяраа, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөх бөгөөд эрэгтэй багийн дасгалд оролцохгүй нь.
- Харин энэ дасгалд эмэгтэй хувийн болон багийн төрөлд О.Янжинлхам, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар цэц сорино.
- Холимог багийн төрөлд (1 эм+1 эр) Нандинзаяа- Баяраа, Есүгэн-Лхагвасүрэн нар хослосон манай хоёр баг оролцох ажээ.
- 50 м-ийн 3 байдлаас буудах дасгалд эрэгтэйчүүдээс Баяраа, Лхагвасүрэн нар хувийн амжилтаар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 50 м хэвтээгээс буудах дасгалд Янжинлхам, Нандинзаяа, Есүгэн нар хувийн болон багийн дасгалд өрсөлдөнө.
- Мөн 50 м-ийн хэвтээгээс буудах дасгалд холимог багийн төрөлд Ж.Ганхуяг-Г.Нандинзаяа гэсэн аав-охин, багш-шавь гэсэн сонирхолтой хослол оролцох юм байна. Бас л тун ховор хувь завшаан, түүх болох нь.
- Холимог багт мөн Баяраа-Есүгэн нарын хослол оролцоно.
ГАР БУУ төрөлд:
- 25 м-ийн спорт гар бууны дасгалд Ц.Мөнхзул, Ц.Анударь, Т.Баярцэцэг нар хувийн болон багийн төрөлд өрсөлдөнө.
- Харин хийн гар бууны 10 м -ийн дасгалд Т.Баярцэцэг, Ц.Анударь, Э.Хишигдэлгэр нар хувийн болон багийн тэмцээнд цэцээ сорино.
- Мөн эрэгтэйчүүдийн энэ дасгалд Э.Даваахүү, П.Тэргэл нар хувийн төрөлд , энэ хоёр дээр О.Төгөлдөр нэмэгдээд багийн төрөлд буудна.
- 25 м-ийн стандарт гар бууны дасгалд Хишигдэлгэр, Баярцэцэг, Мөнхзул нар эмэгтэй, Даваахүү, Төгөлдөр, Л.Ундралбат нар эрэгтэй хувийн амжилтаар өрсөлдөнө.
- Манай Ж.Ганхуяг, Л.Ундралбат хоёр дасгалжуулагч дасгалжуулагчаа ч хийх нь, өөрсдөө тамирчны хувиар галын шугаман дээр ч зогсох нь.
- Стандарт гар бууны холимог багийн дасгалд Даваахүү-Баярцэцэг, Төгөлдөр-Хишигдэлгэр гэсэн манай хоёр баг оролцох юм.
- 25 м -ийн олимпийн рапид (хурдан буудлага) дасгалд эмэгтэйчүүдээс Хишигдэлгэр, эрэгтэйчүүдээс Даваахүү, Төгөлдөр нар буудна. Харин ДАШТ-ий хөтөлбөрт шинээр орсон холимог багийн дасгалд Даваахүү-Хишигдэлгэр хоёр баг болон орно.
- 25 м-ийн том калибрын (center fire pistol) гар бууны дасгал мөн ДАШТ-ий хөтөлбөрт шинээр орсон. Эмэгтэйчүүдэд урьдчилсан мэдүүлгээр дөрвөн тамирчин байгаагийн гурав нь Баярцэцэг, Мөнхзул, Хишигдэлгэр гээд манай мэргэн буучид.
- Эрэгтэйчүүдийн энэ дасгалд Даваахүү, Төгөлдөр, Ундралбат нар хувийн болон багийн амжилтаар өрсөлдөнө.
- 50 м-ийн эмэгтэйчүүдийн дасгалд Мөнхзул, Анударь, Хишигдэлгэр хувийн болон багийн амжилтаар галын шугамд зогсоно. Манай гурав энэ дасгалаар анх удаагаа оролцох гэж байгаа.
- Эрэгтэй хувийн дасгалд Даваахүү, Төгөлдөр нар цэц сорих бол холимог багийн дасгалд Даваахүү-Мөнхзул, Төгөлдөр-Хишигдэлгэр нар хослон манай хоёр баг өрсөлдөх нь.
- Эрэгтэй 300 м -ийн хэвтээгээс буудах дасгалд С.Баяр мөн оролцоно.
- Залуучуудын ангилалд манайхаас 17 настай Э.Номин, 18 настай Г.Алтангэрэл оролцох бөгөөд тус бүр 9 дасгалд хувийн болон холимог багийн амжилтаар өрсөлдөх юм .