/2022.10.11/ Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Тус сургуулийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.
Энэ хичээлийн жилд тус сургууль
Уул уурхайн ашиглалтын технологи
Мэдээллийн технологи
Газрын тосны инженер
Цахилгааны инженер гэсэн 4 мэргэжлээр 120 оюутан элсүүлсэн байна. Тус сургуульд Улаанбаатар хотоос гадна 10 аймгаас оюутнууд ирж суралцаж байгаа бол ШУТИС-ийн 10 багш Өмнөговь аймаг руу шилжин, харьяа сургуульд багшилж байна.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн дээд сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан сургана. Тус сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх анхны бөгөөд жишиг байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно.
Эх сурвалж- Боловсрол, шинжлэх ухааны яам
Б.Баянзаяа