/2022.10.7/ Нобелийн 2022 оны шагналтнууд тодорсоор байна. Өмнө нь бид дараах салбарын шагналтнуудын талаарх мэдээллийг нийтэлсэн билээ.
Дөнгөж сая Нобелийн Энхтайвны шагналтнууд тодорлоо. 2022 оны Энх тайвны шагналыг:
- Беларусын хүний эрхийн өмгөөлөгч Алес Беляцки,
- Оросын хүний эрхийн “Мемориал байгууллага”
- Украины “Иргэний эрх чөлөөний төв” хүний эрхийн байгууллагууд хамтран хүртлээ.
Энхтайвны шагналтнууд эх орныхоо иргэний нийгмийг төлөөлдөг.
Тэд эрх мэдлийг шүүмжилж, иргэдийн үндсэн эрхийг хамгаалах эрхийг олон жил сурталчилж ирсэн. Тэд дайны гэмт хэрэг, хүний эрхийг зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг баримтжуулахад онцгой хүчин чармайлт гаргасан. Тэд хамтдаа энх тайван, ардчиллын төлөө иргэний нийгэм чухал болохыг харуулж байна гэж Нобелийн шагналтнууд зарлах үеэр хэллээ.
Алес Беляцки нь шоронд байгаа бөгөөд ингээд хорих ангид байхдаа Нобелийн шагнал хүртэж байгаа дөрөв дэх хүн боллоо.
Алес Беляцки бол 1980-аад оны дундуур Беларусь улсад үүссэн ардчиллын хөдөлгөөнийг санаачлагчдын нэг юм. Тэрээр эх орондоо ардчиллыг хөгжүүлэх, энх тайванч хөгжлийн төлөө бүх амьдралаа зориулсан. Олон зүйл хийж байсны дунд 1996 онд болсон ерөнхийлөгчид дарангуйлагчийн эрх мэдлийг өгсөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хариуд Вясна”Хавар” байгууллагыг байгуулж, өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан өдөөсөн юм. Виасна шоронд хоригдож буй жагсагчид болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлдэг байсан. Дараагийн жилүүдэд “Вясна” эрх баригчид нь улс төрийн хоригдлуудыг эрүүдэн шүүж байгааг баримтжуулж, үүнийг нь эсэргүүцсэн хүний эрхийн өргөн хүрээний байгууллага болон хувирав. Засгийн газар болон эрх баригчид Алес Беляцкийн амыг таглахыг удаа дараа оролдсон. Тэрээр 2011-2014 онд шоронд хоригдож байсан бөгөөд 2020 онд дэглэмийн эсрэг томоохон жагсаал зохион байгуулсны дараа дахин баривчлагджээ. Түүнийг шүүх хуралгүйгээр цагдан хорьсон хэвээр байгаа. Беляцки нь асар их бэрхшээлийг туулсан ч тэр бүгдийг үл харгалзан Беларусь дахь хүний эрх, ардчиллын төлөөх тэмцэлдээ нэг ч төө буцаж, бууж өгөөгүй.
Коммунист дэглэмийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хүмүүсийг хэзээ ч мартахгүй байх үүднээс 1987 онд “Мемориал” хүний эрхийн байгууллагыг хуучин ЗХУ-ын хүний эрхийн төлөөх тэмцэгчид байгуулсан. Үүсгэн байгуулагчдын дунд Нобелийн энх тайвны шагналт, алдарт цөмийн физикч Андрей Сахаров, хүний эрхийн өмгөөлөгч Светлана Ганнушкина нар байсан. “Мемориал” нь шинэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өмнөх гэмт хэргүүдтэй тэмцэх нь чухал гэсэн ойлголт дээр суурилдаг. Иргэний нийгэм автократ болон дарангуйлалд зам тавьж өгөх үед энх тайван нь хамгийн эхний хохирогч болдог. Чечений дайны үеэр "Мемориал" нь Оросын болон Оросыг дэмжигч хүчний энгийн иргэдэд үйлдсэн хүчирхийлэл, дайны гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, шалгаж байв. 2009 онд "Мемориал"-ын Чечен дахь салбарын дарга Наталья Эстемирова энэ ажлаас болж амиа алдсан юм. ОХУ-ын иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг олон жилийн турш сүрдүүлж, шоронд хоригдож, сураггүй алга болж, аллагад өртөж байна. Засгийн газраас “Мемориал”-ыг дарамталж байсны нэг хэлбэр бол “Мемориал”-ыг гадны агент гэж нэрлэсэн явдал юм. 2021 оны арванхоёрдугаар сард эрх баригчид "Мемориал"-ыг албадан татан буулгаж, баримт бичгийн төвийг бүрмөсөн хаах шийдвэр гаргасан. Шийдвэр гарснаас хойшхи дараагын саруудад байгууллагыг албадан хаасан ч гэсэн “Мемориал” байгууллагын дарга Ян Рачинский “бидний хэн нь ч бууж өгөх бодолгүй байгаа” гэж мэдэгдсэн.
“Иргэний эрх чөлөөний төв” нь Украинд хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх зорилгоор 2007 онд Киев хотод байгуулагдсан. Тус төв нь Украины иргэний нийгмийг бэхжүүлж, Украиныг бүрэн ардчилсан орон болгохын тулд эрх баригчдад шахалт үзүүлэх байр суурийг баримталдаг. Украиныг хуулийн засаглалтай улс болгон хөгжүүлэхийн тулд “Иргэний эрх чөлөөний төв” Украиныг Олон улсын эрүүгийн шүүхтэй нэгдэхийг идэвхтэй дэмжиж ирсэн. 2022 оны 2-р сард Орос Украинд түрэмгийлсний дараа “Иргэний эрх чөлөөний төв” Украины энгийн иргэдийн эсрэг үйлдсэн Оросын цэргийн гэмт хэргийг илрүүлж, баримтжуулах хүчин чармайлт гаргажээ. Тус төв нь олон улсын түншүүдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох үүднээс голлох үүрэг гүйцэтгэж байна.
Норвегийн Нобелийн хороо 2022 оны Нобелийн Энх тайвны шагналыг Алес Беляцки, "Мемориал" болон “Иргэний эрх чөлөөний төв”-ийг гардуулснаар хүний эрх, ардчилал төлөө тэмцсэн гурван нэрт зүтгэлтэнг алдаршуулж хөрш зэргэлдээ Беларусь, Орос, Украинд энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсч байна. Хүмүүнлэгийн үнэт зүйлс, милитаризмын эсрэг тэмцэл, хуулийн зарчмуудыг тууштай хэрэгжүүлснээрээ энэ жилийн шагналтнууд Альфред Нобелийн энх тайван болоод үндэстэн хоорон дахь ахан дүүсийн холбооны талаарх үзэл санааг сэргээж, хүндэтгэлээ. Өнөөдөр дэлхий дээр хамгийн их хэрэгтэй байгаа алсын хараа бол энэ юм.
Энх тайвны салбарын Нобелийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримт
1901 оноос хойш гардуулж эхэлсэн Нобелийн шагналын Энх тайвны шагналыг дайн тулаан болон өөр бусад шалтгаанаас болоод 19 удаа өнжиж 102 удаа гардуулжээ. Үүнээс 69 тохиодлолд нэг хүн эсвэл байгууллагад, 31 тохиолдолд хоёр хүн эсвэл байгууллагад болон хоёр тохиолдолд гурван хүнд хамтран гардуулжээ. Ингээд нийт 137 шагналтан тодорсноос 109 хувь хүн болон 25 байгууллага шагнал гардан авч байснаас “Улаан загалмайн нийгэмлэг” гурван удаа болон “НҮБ-н дээд комиссар” хоёр удаа тус бүр шагнагдсан.
Тус шагнал хүртсэн 109 хүнээс 18 нь эмэгтэй бөгөөд хамгийн олон эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн салбар юм. Анхны энх тайвны шагнал хүртсэн эмэгтэй бол Австри гаралтай энх тайванч мөн зохиолч Берта фон Саттнер 1905 онд “дайны аймшигт байдлыг эсэргүүцсэн түүний зоригийн төлөө” шагнаж байжээ. Ингээд тэрээр Мари Кюригийн дараа Нобелийн шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй бөгөөд хамгийн анхны Австрийн Нобелийн шагналтан болсон юм. Харин хамгийн сүүлд 2021 онд буюу өнгөрсөн жил ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратовтой хамт Филипин гаралтай сэтгүүлч Мария Ресса “Ардчилал, мөнхийн энх тайвны суурь нөхцөл болох үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлтын төлөө” шагнасан.
Нобелийн шагналыг хамгийн залуудаа буюу 17 насандаа Малала Юсуфзай охин 2014 онд “хүүхэд залуучуудын дарангуйллын эсрэг болон бүх хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө тэмцсэнийг нь” үнэлэн Энх тайвны шагналаар шагнаж байсан. Харим хамгийн өндөр насандаа Энх тайвны шагналыг 87 настайдаа Жозеф Ротблат 1995 онд “олон улсын улс төрд цөмийн зэвсгийн үүрэг оролцоог багасгах, цаашлаад ийм зэвсгийг устгах гэсэн хүчин чармайлтын төлөө” тус шагналыг хүртэж байв.
Нобелийн шагналаас татгалзсан тохиолдол
Энх тайвны шагналаас татгалзаж байсан нэг л тохиолдол байдаг нь Вьетнам улс төрч Ле Дук То, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хэнри Киссинжер нар хамтдаа 1973 онд “Вьетнамын энх тайвны хэлэлцээр хийсэн” шалтгаанаар шагнагдсан ч Вьетнам дахь нөхцөл байдлаас болоод Ле Дук То шагнал авахаас татгалзсан. 1959-1975 оны хооронд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс буюу Умард Вьетнам болон АНУ дэмжлэгтэй Өмнөд Вьетнам хооронд дайн болсон. Тус дайнд АНУ дэмжлэгтэй Өмнөд Вьетнам ялагдаж социалист дэглэмтэй нэгдсэн Вьетнам улс байгуулагдсан билээ.
Өмнөх мэдээнүүд дээр дурдаж байсанчлан 1974 оноос хойш нас барсан хүнд Нобелийн шагнал олгохоо зогсоож байсан. Үүнээс өмнө хоёр тохиолдолд нас барсан хүнд олгож байсны нэг нь 1961 онд Шведийн эдийн засагч, дипломатч, НҮБ-ийн хоёр дахь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даг Хаммаршельд “НҮБ-ийн дүрэмд тусгагдсан зарчим, зорилгыг хэрэгжүүлэх чадвартай мөн үр дүнтэй, бүтээлч олон улсын байгууллага болгон НҮБ-ыг хөгжүүлснийх нь” төлөө энх тайвны шагналаар шагнаж байсан. Өөр өвөрмөц шагнал хүртсэн тохиолдлууд нь хорих газар буюу шоронд байхдаа өнөөдрийг оролцуулаад дөрвөн хүн энх тайвны шагналаар шагнагдаж байсан бөгөөд үлдсэн гурав нь Германы энх тайванч, сэтгүүлч Карл вон Оссицки, Бирмийн ерөнхийлөгч асан, улс төрч Аун Сан Су Чи, Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобо нар юм.
Нобелийн шагналыг тойрсон эргэлзээтэй маргаан
Нэр дэвшиж байсан боловч шагнал хүртээгүй, мөн хүмүүс дунд Энх тайвны шагнал авсан аваагүй гэж хамгийн их мэтгэлцээн өрнөдөг гурван хүн бол Сталин, Ганди болон Гитлер нар юм.
- 1922-1953 онуудад ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Иосиф Сталин дэлхийн хоёр дугаар дайныг зогсооход оруулсан хүчин чармайлтынхаа төлөө 1945 болон 1948 онуудад Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байжээ.
- 20-р зууны энх тайван болон хүчирхийллийн эсрэг хамгийн том бэлгэдлийн нэг Махатма Ганди нь маш олон удаа энх тайвны шагналд нэр дэвшиж байсан ч нэг ч удаа тус шагналыг хүртэж чадаагүй. 1948 онд хүнд буудуулан нас барсан жил нь энх тайвны Нобелийн хороо тус шагналыг хүртэх хүн байхгүй гэж зарлан тухайн жилээ шагналгүй өнжсөн байдаг. Хэдийгээр 1974 он хүртэл нас барсан хүнд шагнал өгч байсан ч Махатма Гандид огт нэхэн өгч байгаагүй.
- Адольф Гитлер нэг удаа энх тайвны шагналд нэр дэвшсэн гэвэл та итгэх үү? 1939 онд Шведийн Парламентийн гишүүн Э.Барндт Адольф Гитлерийг Энх тайвны шагналд нэр дэвшүүлж байжээ. Тус жил Шведийн Парламент тухайн үеийн Британийн Ерөнхий Сайд Невилл Чемберлэйнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн нь Брандт маш их эргэлзээ үүсгэсэн байна. Брандт угтаа фашизмын эсрэг тууштай тэмцэгч бөгөөд тухайн үеийн Шведийн парламентийн байдлыг шоглон шүүмжлэх зорилготойгоор тус үйлдлийг хийжээ. Түүний энэхүү хошин санааг тийм ч таатай хүлээж аваагүй учир нэн даруй тус нэр дэвшүүлэлтийг нэн даруй эргүүлэн татсан.
Өөр олон том улс төр нийгмийн зүтгэлтнүүд, Лев Толстой тэргүүтэй уран бүтээлчид, дайн тулаан зогсоож байсан цэрэг армийн тэргүүлэгчид төдийгүй хааны угсаа залгамжлагч ханхүү, гүнж нар хүртэл нэр дэвшээд энх тайвны шагналыг хүртэж чадаагүй тохиолдлууд байдаг.
Харин Нобелийн шагнал хүртсэн ч тэр бүр хүмүүс санал нийлдэггүй, шүүмж дагуулсан тохиолдлууд бий. Үүнээс дурдвал:
- 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Обама. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдоод дөнгөж есхөн сар болж байсан учир түүнийг дэндүү эрт сонгосон, энэ шагналыг хүртэх эрх мэдэлд хүрээгүй гэсэн шүүмж гарч байсан. 2015 онд Нобелийн хүрээлэнгийн захирал асан Гейр Лундестад энэхүү шийдвэртээ харамсдаг гэмээр зүйл намтартаа бичсэн нь “Нобелийн хороо ерөнхийлөгчийг шагнавал түүний байр суурийг хүчирхэгжүүлнэ гэж үзсэн ч тийм нөлөө үзүүлээгүй” гэж дурдсан байдаг. Мөн Обамагийн дэмжигчид хүртэл энэ шагнал эртэдсэн гэдэгтэй санал нийлдэг.
- Палестины удирдагч Ясир Арафат, Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин, Израилийн Гадаад хэргийн сайд Шимон Перес нар 1994 онд Ослогийн энх тайвны хэлэлцээрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал хүртсэн. Гэтэл тус шийдвэр нь маш том шүүмж дагуулсан. Израйл-Палестины хооронд энх тайвны хэлэлцээрт хүрээгүйгээс гадна хамгийн том шүүмж нь Ясир Арафат шагнал хүртсэнд байсан юм. Америкийн тоймч Жей Нордлингер түүнийг Нобелийн энх тайвны шагнал хүртсэн хамгийн муу хүн гэж нэрлэсэн. Нобелийн хорооны гишүүн Каре Кристиансен түүнийг нэр дэвшүүлсэн улмаас огцорсон.
- 1973 онд Вьетнамын улс төрч Нобелийн шагналаасаа татгалзсан талаар дурдсан билээ. Тэгвэл хамтран Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хэнри Киссинжерийн шагнал маш их шүүмж дагуулдаг. Гал зогсоох хэлэлцээр хийж байхдаа Киссинжер Ханой хотыг бөмбөгдөхийг тушаасан нь илчлэгдсэн. Мөн Киссинжерийн сонгон шалгаруулалтын эсрэг санал өгсөн хорооны хоёр гишүүн огцорч байсан.
гэх мэт санал нийлдэггүй шийдвэр бишгүй гардаг. Түрүүн дурдсанчлан Махатма Гандиг шагнаагүй явдал нь тухайн үедээ маш их шүүмж дагуулж байсныг Нобелийн хороо элдэв дүрэм журмаар хаацайлан өөрсдийгөө өмгөөлж байсан. Харин 2006 онд тухайн үеийн Нобелийн энх тайвны хорооны дарга “Ганди Нобелийн энх тайвны шагналтай шагналгүй хийдгээ хийнэ, харин Нобелийн хороо Гандигүйгээр байж чадах болов уу гэдэг нь чухал асуулт” гэж хэлсэн нь ерөнхийдөө өөрсдийнхөө хорооны байр суурийг шүүмжлэн хэлсэн нь тэр болов уу.
Нобелийн салбар шагнал болгон тус тусдаа хороо байгуулагдан ажилладаг. Тэгвэл энх тайвны шагналыг Норвегиуд тодруулж, Норвегийн Осло хотод шагналаа гардуулдаг. Энэ нь тухайн үед Швед Норвеги нь хамт нэг улс байснаас улбаатай. Мөн өмнөх мэдээнүүд дээр дурдаж байсанчлан Энх тайвны Нобелийн медал дээрх Альфред Нобелийн хөрөг нь бусад салбарын медал дээрх хөргөөс өөр байдаг.
Эх сурвалж: https://www.nobelprize.org/, https://www.insider.com/, https://www.cnbc.com/world/