Нобелийн шагнал 2022: Химийн салбарын шагналтан тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нобелийн шагнал 2022: Химийн салбарын шагналтан тодорлоо

/2022.10.5/ Нобелийн шагналтнууд тодорсоор байна. mpress.mn сайт физик болон анагаахын салбарын шагналтнуудын талаарх мэдээллийг орчуулан хүргэсэн.

Хэдхэн цагийн өмнө Каролин Р.Бертоззи, Мортен Мелдал, К.Бэрри Шарплесс нарыг “Клик хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлсний төлөө” химийн салбарын Нобелийн шагналаар шагналаа.

К.Бэрри Шарплесс нь 2001 онд мөн химийн салбараас Нобелийн шагнал хүртэж байсан ба ингэснээр тав дахь хос Нобелийн шагналтан болж байна.

Химийн салбарын Нобелийн шагналтнуудын талаарх
сонирхолтой баримт

1901 оноос хойш гардуулж эхэлсэн Нобелийн шагналыг химийн салбарт гардуулалгүй нийт 8 удаа өнжжээ. Нийт 113 удаа шагнал гардуулснаас 63 тохиолдолд цор ганц хүнд, 25 тохиолдолд хосоороо шагнал хүртсэн, мөн үлдсэн 25 тохиолдолд тус шагналыг гурвуулаа хамтдаа хүртэцгээсэн байдаг.

Химийн салбараас 187 хүн Нобелийн шагнал хүртсэн байдгаас Фредерик Сангер Нобелийн хос шагнал хүртсэн 5 хүний нэг бөгөөд химийн салбараас хос шагнал авсан анхдагч ганц эрхэм. Тэрбээр 1958 онд “Уургийн бүтэц, ялангуяа инсулины бүтцийн талаар” хийсэн ажлынхаа төлөө, 1980 онд “ДНХ буюу нуклейн хүчлийн суурь дарааллыг тодорхойлоход” оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус бүр Нобелийн шагнал хүртэж байжээ.

Хамгийн өндөр настай Нобелийн шагналтан нь 97 настай Жон Б.Гуденоф бөгөөд 2018 онд химийн салбараас “Лити-ион батарейг хөгжүүлэхэд зориулсан” хувь нэмрийг нь үнэлэн шагнал хүртэж байв. Харин хамгийн залуудаа химийн салбараас шагнал хүртсэн эрхэм нь алдарт Кюригийн гэр бүлийн хүргэн Фредерик Жолио 1935 онд 35 насандаа эхнэрийнхээ хамтаар “Лабораторийн орчинд цацраг идэвхт элементийг хамгийн анх удаа зохиомлоор нийлэгжүүлсэн/синтезлэсэн” ажлаа үнэлүүлэн Нобелийн шагнал авч байсан.

Түүний ээж Мари Кюри химийн салбарт шагнал хүртэж байсан ба охин Ирен Жолио-Кюриг оролцуулаад нийтдээ 7 эмэгтэй л химийн салбараас Нобелийн шагнал хүртэж байжээ. Кюригийн гэр бүл физик болон хими тэр дундаа эдгээр хоёр салбар шинжлэх ухааны холимог цөмийн физикийн салбар шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их.

Өнөөдөр хос шагналтан болсон К.Бэрри Шарплесс, хоёр өөр салбараас шагнал хүртсэн Мари Кюри болон Фредерик Сангер хоёроос гадна Нобелийн шагналтан ахиад хоёр хүн байдгийн нэг нь Ж. Бардеен хос физикийн шагналтан. Нөгөөх нь Лайнус Карл Паулинг 1954 онд химийн салбараас, 1962 онд энх тайвны шагнал тус бүр хүртсэн байдаг.

Тэрээр Нобелийн хос шагналаа хоёуланг нь цор ганцаархнаа хүртсэн бөгөөд хоёр өөр салбараас шагнал хүртсэн хоёрхон хүний нэг. Квант хими, молекул биологи болон ортомолекулын анагаах ухааны салбарыг үндэслэгчдийн нэг юм.

Түүний ажлууд шинэлэг байснаас гадна зарим ажил нь ДНХ-гийн бүтцийг судлах сэдэл болж өгсөн. Л.К.Паулинг нь АНУ-н химич, энх тайвны зүтгэлтэн бөгөөд амьдралынхаа туршид нийт 1200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном зохиол бичиж хэвлүүлсэн бөгөөд “New Scientist” сэтгүүл түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу 20 эрдэмтний тоонд оруулсан.

Нобелийн шагналтай холбоотой өөр сонирхолтой
баримтуудаас дурдвал

1895 оны 11-р сард Альфред Нобел өөрийн сүүлчийн захиасдаа дийлэнх хөрөнгөө шагналын сан болгохыг бичсэн ч үүнийг нь гэр бүл нь болон өөрийнх нь сонгосон Нобелийн хороо нь биелүүлэхээс тухайн үедээ татгалзаж байгаад 1901 оноос эхлэн шагнал гардуулж эхэлсэн байдаг.

Нобелийн шагналтнууд шагнал гардуулах болон цайлах ёслол дээр үг хэлдэг ба эдгээр илтгэлээ заавал урьдчилан бэлтгэж дор хаяж 24 цагийн өмнө Нобелийн хороонд өгөх ёстой байдаг. Ингэснээр тэдний илтгэлийг Швед хэл рүү орчуулах боломжтой болдог аж.

Амьд ахуйдаа Нобелийн шагналаа зарж байсан хоёр тохиолдол байдаг ба 1988 онд физикийн салбараас шагнал хүртсэн Леон Ледерман эмчилгээний зардлаа олохын тулд өөрийн Нобелийн шагналаа дуудлага худалдаанд оруулан 765 мянган ам. доллароор зарж байсан. Харин ОХУ-ын тэрбумтан Алишер Усманов Нобелийн шагналт биологич Жэймс Ватсоны Нобелийн алтан медалийг 4,7 сая ам. доллароор худалдан авч байсан ба хэсэг хугацааны дараа эргүүлэн медалийг нь өгч байжээ. Тэрбээр медаль нь эзэнтэйгээ цуг байх ёстой бөгөөд худалдан авахад зарцуулсан мөнгө нь судалгаанд зарцуулагдах ёстой гэж хэлжээ.

2011 онд физикийн салбараас Нобелийн шагнал хүртсэн Брайан Шмидт өөрт тохиолдсон хөгжилтэй түүхээ хуваалцаж байсан. Түүний эмээ нь АНУ-н хойд Дакота дахь Фарго хотод амьдардаг бөгөөд Нобелийн алтан медалийг нь харахыг хүссэн аж. Доктор Шмидтийн хэлснээр “Мэдээж дийлэнх хүмүүс Нобелийн шагналыг авч явахад ямар ч асуудал үүсэхгүй гэж боддог, би ч гэсэн тэгж бодож байтал эмээгийнхээсээ буцах үед Фаргогийн онгоцны буудлын рентген аппарат дээр асуудал үүсэх нь тэр. Ажилчдын гайхаж, цочирдсон байгааг би олж харав. Би алтан медалиа гар тээшиндээ хийчихсэн байсан. Алт учраас рентген бүх туяаг өөртөө сороод дэлгэц дээр тас хар юм харагдах нь тэр. Мэдээж ажилчид өмнө нь ийм тас хар зүйл харж байгаагүй нь ойлгомжтой. Тэгээд тэд надаас асуулт асууж эхлэв.”

- Эрхэм ээ, таны цүнхэнд ямар нэгэн зүйл байна.
-
Тийм ээ, энэ хайрцаг дотор байгаа юм.
-
Хайрцаг дотор юу байгаа юм бэ?
-
Маш том алтан медаль. Ингэж хэлтэл тэд хайрцгийг нээн үзээд,
-
Энэ медаль юугаар хийгдсэн юм бэ?”
-
Алтаар!
-
Айн, Хэн танд үүнийг өгсөн бэ?
-
Шведийн эзэн хаан!
-Яагаад танд үүнийг өгсөн бэ?
-
Яагаад гэхээр би орчлон ертөнц тэлж байгаа хурдыг улам хурдасч байгааг олж мэдэхэд тусалсан юм.

Энэ бүгдийг хошигнол гэж ойлгох боломжгүй гэдгийг анзаараад бүгдийг нь сайн тайлбарлаж Нобелийн шагнал гэдгийг нь ойлгуулсан. Гэтэл тэдний асуулт нь “Та яагаад ингэхэд Фаргод байгаа юм бэ?”. Цочирдож хүлээж авсан хүмүүс тухайн үедээ наргиа ойлгоогүй ч сүүлд нь тэд инээсэн гэдэгт итгэлтэй байна.

1956 онд Жон Бардеен физикийн салбараас Нобелийн шагнал хүртэх үедээ шагнал гардуулах ёслолдоо гэр бүлийнхнийгээ дагуулж очоогүй байна. Түүний хүүгийн хэлснээр аав нь ажлаасаа чөлөө авах дургүй хүн байсан бөгөөд “Биднийг үлдэж сургуульдаа сурч шалгалтуудаа өгөх ёстой” гэж хэлсэн байна. Шведийн эзэн хаан Ж.Бардеены гэр бүл байхгүй байгааг анзаарч ноён Бардеенийг загнажээ. Тэгэхэд нь шинэхэн Нобелийн шагналтан маань дараагийн удаа заавал авчирна гэж ам өгсөн байна. Тэрээр 1972 онд ахин физикийн салбарт Нобелийн шагнал хүртэж, харин энэ удаа тэрээр шагнал гардуулах ёслолд амласан ёсоороо гэр бүлээ дагуулан очжээ.

Салбар бүтээл болгон адилгүй ч шинжлэх ухааны бүтээл хэвлүүлснээс хойш дунджаар 20-30 жилийн дараа нобелийн шагнал хүртдэг. 1966 онд анагаах ухааны салбарт шагнал хүртсэн Пейтон Рус бүтээлээ 1910-аад оны эхэн үед хэвлүүлж байсан бол 1957 онд физикийн салбарт шагнал хүртэцгээсэн Чен Нин Яан болон Цунг-Дао Лий нар нь 1956 онд хэвлүүлсэн ажлаараа шагнал авцгааж байлаа.

Эх сурвалж: https://www.nobelprize.org/ , https://www.scientificamerican.com/

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.