/2022.10.03/ Жил бүрийн өдийд буюу 10-р сард долоо хоногийн турш Нобелийн шагналын эзэд тодордог уламжлалтай. Өнөөдөр физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудыг тодруулах юм. Түүний дараа физик, хими, уран зохиол, энх тайвны болон эдийн засгийн шинжлэх ухааны шагналтнуудыг тодруулах товтой байна.
Хэдхэн хормын өмнө Сванте Паабог “Устаж үгүй болсон хүн төрөлтөн(hominin)-тф геном болон хүний хувьслын талаарх нээлтүүдийн төлөө” оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Физиологи, Анагаах Ухааны салбарын Нобелын шагналаар шагналаа
Анхдагч судалгаагаараа Сванте Паабо боломжгүй мэт санагдах зүйлийг хийж чадсан нь: Өнөөгийн хүмүүсийн устаж үгүй болсон төрөл төрөгсөд болох Неандерталын геномын дарааллыг хийсэн юм. Мөн тэрбээр урьд өмнө нь үл мэдэгдэх гоминин Денисовагийн шуугиан дэгдээсэн нээлт хийж байсан. Нэн чухал нь Паабо 70 мянган жилийн өмнө Африк тивээс нүүдэллэсний дараа устаж үгүй болсон эдгээр гомининуудаас хомо сапиенст ген шилжүүлсэн болохыг олж мэдсэн. Энэхүү эртний генийн эртний урсгал нь өнөөгийн бидний физилогийн хувьд хамааралтай бөгөөд бидний дархлааны систем халдварт хэрхэн хариу үзүүлэхэд нөлөөлдөг гэх мэт ойлголтод онцгой чухал ач холбогдолтой.
Паабогийн үндсэн судалгаа нь палеогеномик гэх цоо шинэ шинжлэх ухааны салбарыг бий болгож, устаж алга болсон хүн төрөлтүүдээс өнөөгийн хүмүүс бидний генийн ялгааг салгаж өгсөнөөр түүний нээлтүүд нь биднийг юугаараа онцгой болгодог болохыг судлах үндэс суурь нь болж өгч буй.
Нобелийн шагналын тухай товч танилцуулахад, 1895 оны 11-р сарын 27-нд Алфред Нобел баялгийнхаа хамгийн их хувийг физик, хими, физиологи эсвэл анагаах ухаан, уран зохиол, энх тайвны салбаруудад шагнал болгон өгөхөөр сүүлчийн гэрээслэлдээ бичсэнээр Нобелийн шагнал үүссэн. 1968 онд Шведийн төв банк Нобелийн дурсгалд зориулан Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын Sveriges Riksbank шагналыг байгуулжээ. 1901-2021 онуудад Нобелийн болон эдийн засгийн ШУ-ы салбарт нийт 609 шагналтан тодорсон байдаг.
Нобелийн шагналыг тухайн жилд цор ганцаар хүртэж болохоос гадна 2-3 хүн хамтарч хүртэж болдог ба Нобелийн сангийн дүрэмд: “Шагналын хэмжээг хоёр бүтээлд тэнцүү хувааж өгч, тус бүрийг нь шагналд тооцож болно. Шагнал авсан бүтээлийг хоёроос гурван хүн бүтээсэн бол шагналыг нь хамтран олгоно. Ямар ч тохиолдолд шагналын хэмжээг гурваас дээш хүнд хувааж болохгүй” гэж заажээ.
1901-2021 оны хооронд Нийт 975 Нобелийн шагналтан тодорсноос давхардсан тоогоор 947 хүн 28 байгууллага байдаг ба нийт 4 хүн 2 байгууллага 1-ээс олон удаа тус шагналыг хүртсэн байдаг. Эдгээр шагнал хүртэгсдийн 58 нь эмэгтэй хүн байдаг байна. Мөн дайн үймээн зэргээс болоод зарим жил Нобелийн шагнал гардуулаагүй байдаг. Тухайн жил өнжсөн эсвэл Нобелийн шагналтан тодроогүй бол тухайн жилийн урамшууллыг санд буцаан татаж дараа жилүүдэд төсөвлөдөг байна.
Хамгийн залуудаа хүртсэн Нобелийн шагналтан 17 настай Малала охин “Хүүхэд залуучуудын дарангуйллын эсрэг мөн бүх хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө тэмцсэн”-ийг нь үнэлээд Энх тайвны шагнал хүртэж байв.
Хамгийн хөгшин Нобелийн шагналтан нь 97 насандаа химийн салбараас Жон Б.Гуденоф “лити-ион батерейг хөгжүүлэхэд зориулсан” хувь нэмрээрээ тус бүр хүртэж байжээ.
Нобелийн шагналаас 2 хүн өөрсдөө татгалзаж байв. 1964 онд уран зохиолын салбараар шагнал хүртсэн Жан-Пол Сартр нь албан ёсны бүхий л шагналаас татгалздаг байсны улмаас аваагүй. Харин 1973 оны Ле Дук Тхо нь Вьетнам дахь дайны галыг зогсоосон учир АНУ-н төрийн нарийн бичгийн даргатай хамт энх тайвны шагнал хүртсэн боловч Вьетнам дахь нөхцөл байдал нь түүнийг шагналаас татгалзахад хүргэсэн байна.
Харин эрх баригчдаас болоод 4 Нобелийн шагналтан албан хүчээр шагналаасаа татгалзаж байжээ. Адольф Гитлер нь Ричард Кун, Адольф Бутенандт, Герхард Домагк нарыг Нобелийн шагнал авахыг хориглож байжээ. Тэд бүгд хожим Нобелийн шагналын диплом, медалийг авсан ч шагналын мөнгийг авч чадаагүй. Харин 1958 онд Нобелийн уран зохиолын салбарт Борис Пастернак шагнал хүртсэн ч хожим нь ЗХУ түүнийг шагналаасаа татгалзахыг шаардсан байдаг. Өөр нэг сонирхолтой баримт байдаг нь Нобелийн шагналтнуудаас гурав нь шоронд байх үедээ Энх тайвны шагнал хүртэж байжээ.
1974 оноос хойш Нобелийн сангийн дүрэмд Нобелийн шагналыг нас барсан хүнд олгох боломжгүй гэж зарласан юм. Тус мэдэгдлээс өмнө нас барсан хүнд шагнал өгсөн хоёр л тохиолдол байдаг бөгөөд Даг Хаммаршельд (1961 оны Нобелийн энх тайвны шагнал), Эрик Аксел Карлфельдт (1931 оны утга зохиолын салбарын Нобелийн шагнал) тус бүр хүртэж байв.
Гэр бүлээрээ Нобелийн шагналтнууд хүртсэн онцгой тохиолдлоос хамгийн амжилттай нь Кюригийн гэр бүл юм. Ээж Мари Кюри нь Нобелийн хос шагнал хүртсэн 4 хүний нэг төдийгүй 2 өөр салбараас шагнал хүртсэн хоёрхон хүний нэг. Мөн түүний нөхөр Пьер Кюри охин Ирен Жолио-Кюри түүний хүргэн Фредерик Жолио нар тус бүр физик, химийн салбаруудад Нобелийн шагнал хүртэж байсан.
Нобелийн шагналтнуудыг 10-р сард зарлаж, 12-р сарын 10-нд Стокгольмын концертын танхимд зохион байгуулж Шведийн эзэн хаан өөрийн биеэр гардуулдаг.
Шагналд диплом, медаль болон шагналын мөнгөн дүнг баталгаажуулсан баримт гурав багтана.
Нобелийн шагналын дипломууд нь Швед, Норвегийн шилдэг зураачид, уран бичээчдийн урласан өвөрмөц урлагийн бүтээл байдаг төдийгүй медалиуд нь гар аргаар нарийвчлалтай, дахин боловсруулсан 18 каратын алтаар хийгддэг. Медалиудад нь Альфред Нобелийн төрх болон төрсөн нас барсан он саруудыг бичиж, Энх тайвны болон Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын медалиуд нь бусад салбарын медалиуд дээрх Альфред Нобелийн хөрөг нь өөрөөр зурагдсан байдаг аж.
Шагналд дагалдаж ирэх мөнгөн дүн нь жил бүр өөр бөгөөд энэ жил 10 сая швед крон буюу ойролцоогоор 894 мянган ам. доллартай тэнцэж байна.
Эх сурвалж: nobelprize.org