/2022.10.04/ Хэдхэн хоромын өмнө оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Физикийн салбарын Нобелийн шагналтан тодорлоо.
Физикийн салбарын Нобелийн шагналтнуудын талаарх сонирхолтой баримт
1901-2021 оны хооронд зарим жилүүдэд өнжиж, нийт 115 удаа Физикийн салбарт Нобелийн шагнал гардуулснаас 47 тохиолдолд цор ганц шагналтнууд, 32 тохиодлолд хосоороо шагнал хүртсэн, үлдсэн 36 тохиолдолд тус шагналыг гурвуулаа хамтдаа хүртэцгээсэн байна.
Нийтдээ 218 хүн физикийн салбараас Нобелийн шагнал хүртсэнээс Жон Бардеен хос шагнал хүртсэн 4 хүний нэг бөгөөд физикийн салбараас хос шагнал авсан цорын ганц эрхэм. Тэрбээр 1956 онд “Хагас дамжуулагчийн судалгаа, транзисторын эффект”-ийг нээсний төлөө, 1972 онд “BCS-онол буюу хэт дамжуулалтын онол”-ыг боловсруулсны төлөө тус тус Нобелийн шагнал хүртээж байж.
Хамгийн өндөр насандаа физикийн салбараас Нобелийн шагналыг хүртсэн нь 96 насандаа Артур Ашкин “Оптик/лазер хямсаа болон тэдгээрийг биологийн системд хэрэглэхэд зориулсан” ажлынх нь төлөө 2018 онд шагнаж байсан. Хамгийн залуудаа буюу 25 насандаа тус салбараас Лоуренс Брэгг аавтайгаа хамт “Рентген туяаны тусламжтайгаар болор бүтцийг шинжилсэн” ажлынх нь төлөө 1915 онд Нобелийн шагналаар шагнасан. Виллиам болон Лоуренс Брэгг нараас гадна өөр гурван тохиолдолд аав, хүү физикийн салбарт Нобелийн шагнал хүртэцгээж байсан ч тэр хоёр шиг хамтдаа хүртсэн тохиолдол байдаггүй аж.
Мөн дөрвөн л эмэгтэй физикийн салбараас шагнал хүртэж байсны дунд алдарт Мари Кюри 1903 онд нөхөр Пьер Кюри болон тэдний багш А.Х.Беккерелийн хамтаар “Профессор Анри Беккерелийн нээсэн Цацрагийн үзэгдлийн талаарх хамтарсан судалгаагаар” тэдний хийсэн ажил салбартаа онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, мөн 1911 онд “Цацраг идэвхт изотопуудыг ялгах арга техник ашиглан полоний болон радий элементүүдийг нээж” химийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Нобелийн шагнал өгч байжээ.
Физикийн салбарын Нобелийн шагналтнуудын дундаж наслалт хэд вэ?
Өөр сонирхолтой баримт дурдвал жил өнгөрөх тусам Нобелийн шагнал хүртэгсдийн дундаж нас өндөрсөж байгаа гэнэ. Жишээлбэл, 2016 онд Нобелийн шагнал хүртсэн хүмүүс дунджаар 65 настай байсан бөгөөд дийлэнх нь 72-оос дээс настай байв. Харин 20-р зууны дунд үед Нобелийн шагналтнуудын дундаж нас дөнгөж 56, физикийн салбарын эрдэмтдийн дундаж нас 47 байсан бол одоо үед дундаж нас нь 70 дөхөж явна. Зөвхөн физик гэлтгүй бүхий л суурь салбарын эрдэмтдийн шагнал хүртэх нас нь 1950 оноос хойш улам хойшилсоор байна.
Тооцож үзэж болох шалтгаануудын нэг нь өнөө цагт уншиж судлах зүйлс, мэдлэгийн тогоо маань өмнөх үетэй харьцуулахад дэндүү том болсон. Гэхдээ энэ бол цор ганц бөгөөд хамгийн чухал хүчин зүйл нь биш юм. Нобелийн музейн ахлах куратор Густав Каллстрандийн хэлснээр 100 жилийн өмнө ойролцоогоор мянга орчим физикч байсан гэтэл өнөө үед нэг саяд хүрчээ. Тиймээс энэ үзүүлэлт бол тооцохгүй байхын аргагүй. Хэдий залуу насандаа маш том нээлт хийсэн ч маш удаан хугацааны хүлээлтэд орно. Мөн бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй маш том ололт амжилт нээлтүүд хийж байгаагийн сацуу Нобелийн шагналын хороо маш өндөр стандарт тавьдаг учир ямарваа нэг том ажлыг баталгаажуулж шагнал хүртэхэд цаг хугацаа их шаардагдаж буй. Гэхдээ үүнд мөн л асуулт гарч ирнэ. Эдийн засаг, уран зохиол гээд бусад салбаруудад ч гэсэн өч төчнөөн эрдэмтэд бий гэтэл яагаад Физикийн салбарын эрдэмтдийн шагнал хүртэх дундаж нас илүүтэйгээр хөгширч байна вэ?
Калсстрандийн хэлж буйгаар “Өмнөх зууны эхний хагаст физик маш хурдацтай тэлж хөгжиж байсан. Ихэнх физикчид залуу байсан бөгөөд маш олон нээлтийг хийцгээсэн. Тэр дундаа квант механикийн салбараас үүдэлтэй шинжлэх ухаанд оруулж буй хувьсгал нь Нобелийн хорооны анхаарлын төвд байдаг. Тэд энэ салбарын ололт амжилтыг анхааралтай ажиглаж маш түргэн шуурхай ажлуудыг нь үнэлэн шагнал гардуулж байсан. Вернер Хайзенберг болон Паул Дирак нар мөн л квант механикийн салбарт хийсэн ажлуудаараа Нобелийн шагнал хүртэцгээсэн ба дөнгөж 31-хэн настай байсан. Харин энх тайвны шагналыг хүртэж буй хүмүүсийн дундаж нас нь залуужиж өөрчлөгдөж байгаа нь Нобелийн хороо нь энэ тал дээр шинэлэг байхыг оролдож хийж буй ажил амжилт нь заавал ч гүй тогтвортой үр дүн авчирсан байдлыг харгалзаж үзэхээ больж байгаа” гэжээ.
Насны хувьд маш их өөрчлөлт гарсан ч гэсэн шагнал хүртэж буй хүмүүсийн хүйсийн харьцааны хувьд өөрчлөлт гараагүй, эрчүүд давамгайлсан хэвээрээ байна. Энэ нь шинжлэх ухааны салбарт дийлэнх нь эрчүүд ажилладагтай холбоотой бөгөөд эмэгтэйчүүд ажиллах харьцаа нь ихэсвэл шагнал хүртэх эмэгтэйчүүдийн тоо ч мөн ялгаагүй ихэснэ гэж үзэж байгаа аж. Зориудаар эмэгтэйчүүдийн ажлыг үл тоомсорлосон тохиодлол Нобелийн хороонд байдаггүй гэдэг боловч 1903 онд Мари Кюриг Нобелийн шагналд нэр дэвшүүлээгүй тул түүний нөхөр болон хамтран ажиллагчид нь тус шагналаас татгалзсаны хүчинд, хэдийгээр хоцорсон ч гэсэн тэрээр хамгийн анхны эмэгтэй Нобелийн шагналтан болж байсан сонирхолтой баримт үлджээ.