/2022.10.05/ Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн хатагтай Элина Штайнерте тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Элина Штайнерте, Ажлын хэсгийн айлчлалын гол зорилго нь эрх чөлөөгөө хасуулахтай холбоотой асуудлаар хүний эрхийн олон улсын холбогдох стандартыг хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Засгийн газарт зөвлөх, Тусгай журмын айлчлалын бүрэн эрх, удирдамж, харилцан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хорих анги, цагдаагийн газар, сэтгэцийн эмгэг судлалын байгууллага, цагаачлалын түр саатуулах байруудад очиж, эрхээ хасуулсан иргэдтэй уулзана гэдгээ илэрхийлсэн. Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг протоколыг соёрхон баталсан цөөн улсын нэг. Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийг томилсноор олон улсын гэрээнд заасан хэм хэм хэмжээг зөрчиж хүнийг дур зоргоор саатуулж, албадан хорьдог явдлыг хязгаарлахад чухал ач холбогдолтой гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, энэ жил Монгол Улс НҮБ-д гишүүн орноор элссэний 61 дэх жилийн ой болж байна. Монгол Улс хүний эрхийн асуудлыг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд чухалчлан үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллага, хүний эрхийн байгууллагын гишүүд, удирдлагыг сонгохдоо Хүний эрхийн талаарх нээлттэй сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж олон нийтийн оролцоог хангадаг болсон. Энэ нь хараат бус байдлыг бий болгоход хамгийн чухал хэмээн үздэг гэлээ.
Дашрамд дурдахад, Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь 1991 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар Замби, Латви, Малайз, Шинэ Зеланд, Эквадор гэсэн 5 гишүүн улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллах хугацаандаа төрийн бүх шатны болон иргэний нийгмийн байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтантай уулзаж, Ажлын хэсгийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ