/2022.09.30/: Гурилан бүтээгдэхүүнй үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн доголдол зэрэг асуудлыг улмаас гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Аж ахуй эрхлэгчид туслах түүхий бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Эдийн засгийн байдал болон хурдан муудах шалтгааны улмаас туслах түүхий эдийг их хэмжээгээр нь авах боломжгүй. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн хэзээ орж ирэх нь тодорхойгүй. Ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж зэргийг бид урд хөршөөс авдаг. Мөн сав баглаа боодол бас хомсдолд орж байна. Зарим сав баглаа боодлыг дотооддоо хангадаг боловч эдгээр байгууллагууд ч мөн түүхий эдээ урд хөршөөс авдаг хэмээн Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Э.Хурцбаяр хэллээ.
Тэрбээр "Тээврийн үнэ маш их өссөн. Хоёр жилийн өмнө гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Эрээнээс Улаанбаатар руу шууд тээвэр хийдэг байсан. Гэтэл өнөөдөр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн хоёр маршруттай болсон. Мөн тээврийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн.
Шатахууны үнэ мөн нөлөөлж байна. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шатахууны үнэ ямар хамаатай юм бэ гэж хүмүүс хэлдэг. Гэтэл энэ салбар жилийн 365 хоног тасралтгүй ажилладаг. Хүргэлтийн бүх машинууд дизель түлш хэрэглэдэг. Гэтэл дизель түлшний үнэ бас нэмэгдсэн.
Дараагийн шалтгаан бол валютын ханшийн өсөлт. Хүнсний үйлдвэрлэгчид түүхий эд, туслах бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учир төлбөр тооцоогоо валютаар хийдэг. Валютын ханшийн зөрүүний улмаас бид маш их алдагдал хүлээж байна.
Мөн хүнсний салбарт ажиллах хүчний дутагдал үүслээ. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин алга.
Гурилын үнэ кг тутамд 50 хувь нэмэгдэнэ гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлаас үүдэн гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө.
Ямар төрлийн бүтээгдэхүүн хэдэн хувь нэмэгдэхийг одоогоор хэлэх боломжгүй. Нэг бүтээгдэхүүн тус бүрд 30-50 хувь үнэ нэмэгдэх шаардлага зайлшгүй бий болсон. Ургац хураалт 40-50 хувьтай байна. Шинэ ургацын улаан буудайгаар гурил хийхэд багагүй хугацаа шаардагдана. Иймээс аравдугаар сард багтаан нэмнэ" гэлээ.