Олон Улсын ШИНЭ эрчим хүчний чуулган 2022: Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын ШИНЭ эрчим хүчний чуулган 2022: Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмнэ

/2022.09.28/: “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд өнөөдөр эхэллээ.

Энэхүү арга хэмжээ нь 2 өдрийн турш явагдах бөгөөд эхний хэлэлцүүлэг нь эрчим хүчний шилжилт, бүс нутгийн эрчим хүчний зах зээл, дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар, эрчим хүчний худалдаа, үнэ тарифын зохицуулалт, харилцан холболт зэрэг эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний экспортод чиглэсэн хөгжүүлэлтийн боломжийн талаар байх бол хоёр дахь хэлэлцүүлэгт Нарны эрчим хүчний шинэ технологи, устөрөгчийн эдийн засаг, цахилгаан эрчим хүчний хуримтлуурын чиглэлийн танилцуулга, хэлэлцүүлгээр өрнөнө.

Мөн хүлэмжийн хийг бууруулах зээл болон хөнгөлөлтийн механизмууд, сэргээгдэх эрчим хүчний төслийн дуудлага худалдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ногоон төслүүдийн санхүүжилт босгох боломжуудын талаар дараагийн хэсгийн илтгэлүүд үргэлжлэн эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөнө.

Арга хэмжээний хоёр дахь өдөр Монгол улсын цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал, хэтийн төлөвлөлтийн чиглэлээр илтгэл хэлэлцэгдэх ба мөн үүнтэй уялдсан шинэ төрлийн дамжуулах утас, дамжуулах сүлжээг дижиталжуулах боломжууд болон эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга илтгэлүүд тавигдах юм.

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙХ ТУЛ ТА ДООШ ГҮЙЛГЭЖ УНШИНА УУ

2022 оны есдүгээр 28, 11.00 цаг:

Бодлого төлөвлөлтийн дарга Б.Ерэн-Өлзий : Нар, салхинаас гадна эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хөгжүүлж байна

Монгол Улс болон дэлхийн улс орнууд эрчим хүчний салбарын шилжилтийн үе шатанд явж байна. Энэ үед тулгамдаж байгаа гол асуудал юу байна, үүнийгээ хэрхэн даван туулахыг хэлэлцэх зорилготой хурал болж байна. Монгол Улс бол нүүрсэн дээр суурилсан эрчим хүчний гарцтай орон. Дэлхий ертөнц нар салхинаас гадна шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлж байна.

Энэ үе шат улс орнуудад тодорхой сорилт болж болоод байгаа юм. Монгол Улсад 2022 онд нар салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хувийг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан гэдгийг ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн дарга Б.Ерэн-Өлзий хэллээ.

Шууд видеог хүлээн авна уу. Хэрэв танд үзэх боломжгүй гэж харж байгаа бол видеон дээр дахин товшино уу.

2022 оны есдүгээр 28, 12.00 цаг:

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж:
Эрчим хүчний салбар 150 тэрбум төгрөгийн АЛДАГДАЛТАЙ ажиллаж байна

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудоржтой ярилцлаа.

-Эрчим хүчний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Ганц монголд биш, дэлхий нийтээрээ эрчим хүчний хямралд орж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Ялангуяа байгалийн хийн үнэ европын зах зээл дээр өмнөхөөсөө тав дахин өссөн. Манай улсын хувьд 2019 оноос хойш эрчим хүчний үнэ тариф нэмэгдээгүй. Эрчим хүний өвлийн бэлтгэл ажлыг хангах, цаашлаад эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний шинэ үүсвэрийг хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Харин яг хэзээ, хэдэн хувиар нэмэх, хэрхэн ажиллах талаарх шийдвэр хараахан гараагүй байна. Эрчим хүчний салбар тэр дундаа баруун бүсний эрчим хүч, Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн татаасаар явдаг. Энэ татаасууд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн гэж ойлгож болно.

-Эрчим хүчний хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Эрчим хүчний салбарын алдагдал жил ирэх бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 78 тэрбум, 2020 онд 92 тэрбум гээд, энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 150 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Тийм учир эрчим хүчний үнийг нэмж болзошгүй. Ковидын тухай хуулиар эрчим хүчний үнэ өссөн ч бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхаар зохицуулалт хийгдсэн байгаа. Одоогоор ямар байдлаар хэрхэн нэмэх талаарх нарийвчилсан зохицуулалт гараагүй байгаа учир тэгж нэмнэ гэж хэлэх боломжгүй байна.

-Энэ жил шөнийн тарифын хөнгөлөлт үйлчлэх үү?
-Шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оны Засгийн газрын тушаалаар хэрэгждэг. Энэ тушаал хүчинтэй хэвээр байгаа. Тиймээс үйлчилнэ гэж ойлгож байна.

09.28 12.30 цаг

Сэргээгдэх Эрчим Хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар:
Өнгөрөгч онд эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ бүрдүүлсэн

Сэргээгдэх Эрчим Хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар:

-Эрчим хүчний салбар ямар чиг хандлага руу явж байна вэ?
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ эрчим хүчний чуулганыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд "Эрчим хүчний шилжилт" гэсэн гол сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Эрчим хүчний салбарт тулгараад байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахын тулд цэвэр эрчим хүчийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ хатуу түлшийг эрчим хүч үйлдвэрлэхдээ хэрэглэдэг. Тэгэхээр тодорхой хувийг цэвэр эрчим хүчрүү шилжүүлж, 2050 гэхэд хатуу түлшнийхээ оронд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэдэг болоход зорьж энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.

-Манай орны эрчим хүч доголдох эрсдэлтэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эрчим хүчний хангамж хүндрэлтэй байдалд байгаа нь үнэн. Энэ бол цаг үеийн асуудал. Гэхдээ цаашдаа яаж эрчим хүчний найдвартай эх үүсвэр байх, бүтцийн хувьд ямар өөрчлөлт хийх шаардлагатай шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.

-Зах зээлийн зарчмаар буюу үнэ нэмж алдагдлаа нөхнө гэсэн. Үнэ нэмбэл иргэдэд хэрхэн тусах бол?
-Иргэдэд мэдээж хүнд тусна. Гэхдээ эрчим хүчний салбар бол сүүлийн 20-оод жил зах зээлд шилжилгүйгээр үнэ ханшаа хатуу бариад явсан. Жишээлбэл, өөрийнхөө үйлдвэрлэсэн өртөгөөс бага үнээр борлуулдаг. Тиймээс үнэхээр туйлдаа хүрээд үнэ зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна.

-Энэ өвөл эрчим хүчний салбарт хүндрэлтэй байдал бий болох гээд байна. Үүнийг сэргээгдэх эрчим хүчээр нөхөх замаар шийдэж болох уу?
-Сэргээгдэх эрчим хүчээр нөхөх нь харьцангуй ойлголт. Эрчим хүчний салбар нь өөрөө системтэй. Систем нь нэгдсэн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчидрүүгээ эрчим хүчээ хангадаг. Тиймээс тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байгаа. Манай улсын хувьд суурилагдсан хүчин чадлын 17-18 хувийг эзэлж байна. Үйлдвэрлэлийн хувьд өнгөрсөн оны байдлаар 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлсэн. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч техник технологийн хувьд тогтвортой ажиллах боломж нь бүрдвэл хангамж өсөөд явна.

-Сэргээгдэх эрчим хүчийг хаанаас гаргаж ирэх гэж байна вэ. Усан цахилгаан станцыг сонгоно гээд яриад байдаг. Гэтэл төр өөрөө мөнгө гаргахгүй. Хувийн хэвшлээ оруулж ирнэ гээд байгаа. Төр хувийн хэвшил нь тохиролцоонд хүрч чадаж байна уу?
-Төр улс орны эдийн засаг, эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангахын тулд зайлшгүй нэмэлт эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчин, таатай нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр манай төр талаас ч, гадны хөрөнгө оруулагчид талаас ч уян хатан нөхцөл бүрдсэн үед хөрөнгө оруулалт ч орж ирнэ, эрчим хүчний хүндрэлээс ч гарах боломжтой.

2022 оны есдүгээр 28, 13.00 цаг:

Үдээс хойшх хуралдаан эхэлж байна. ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ

Хуралдааны эхний хэсэгт Цахилгаан холбооны бие даасан эрчим хүчний шийдэл илтгэлийг ZTT-ийн шинэ эрчим хүчний салбарын гадаад асуудал хариуцсан хэлтсийн дарга Лео Лиу тавьлаа.

Харин одоо "Сүлжээтэй холбогдсон батарей хуримтлуурын шийдэл" илтгэлийг Еврохан компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Нандинбаяр тавьж байна.

14.30 цаг:

Бид устөрөгчийн зах зээлийг хэрхэн өсгөх вэ? Сэдвээр Их Британийн Устөрөгчийн инновацийн зорилт-ын хамтран үүсгэн байгуулагч, захирал доктор Микаела Кендалл илтгэл тавьлаа.

Тэрээр, "Орчин үед устөрөгчийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны инновацаар хийж байна. Үүнийг мөн автомашинд ашиглах боломжтой. Сүүлийн үед устөрөгчийн зах зээл нэлээд идэвхжиж байгаагийн нэг жишээ нь устөрөгчийг түлш болгон ашиглах шинэ технологи гарч ирж байна. Үүнээс гадна технологийг устөрөгчийн зах зээл рүү хөтлөх боломжтой юм гэлээ.

Хоёр илтгэлийн дараа Нарны системийн хэрэглээ, шийдэл шинэ технологи сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

14:40-15:45 цаг. Эрчим хүчний шилжиилт шинэ технологи хэлэлцүүлэг

Ирээдүйн эрчим хүч, Монголын устөрөгчийн зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Бямбасайхан: Устөрөгчийн салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно

-Сүүлийн үед устөрөгчийн салбарыг нэлээд ярьж байна. “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогод энэ талаарх нэлээд олон заалт орсон байгаа. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ч мөн энэ талаар дурдсан байдаг. Устөрөгч бол дэлхий дахинд төдийгүй манай улсын хувьд шинэ салбар. Энэ салбарт цаг тутамд шинэ технологийн салбар нээлт хийж байгааг та бүхэн харж байгаа. Мөн энэ салбар ирээдүйд маш сонирхолтой сэдэв болох төдийгүй бизнес болно гэдэгт итгэлтэй байна.

Одоо бидэнд хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт, манайх цаашид устөрөгч гаргаж авч чадах эсэх. Хоёрдугаарт, гаргаж авсан тохиолдолд экспортолж чадах эсэх. Хэрэв Монгол Улс устөрөгч гаргаж авч чадвал экспортлох тал дээр газарзүйн хувьд нэлээд том давуу талтай. Нэгэнт газарзүйн хувьд давуу талтай юм чинь энэ салбарт ногоон устөрөгчийн төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өнөөдөр БНХАУ-д ногоон устөрөгчийн чиглэлээр 100 гаруй төсөл хэрэгжиж байна. Ихэнх нь хойд хэсгийн бүс нутагт хэрэгжиж байгаа төслүүд байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж ногоон устөрөгч гаргаж авч, улмаар зах зээл дээр хэрэглэнэ гэсэн томоохон стратегийг боловсруулаад явж байна.

Хэрэв Монгол Улс өнөөдрөөс энэ салбарт хөрөнгө оруулаад эхлэвэл ирээдүйд томоохон тоглогч болох боломжтой. Үүний төлөө Устөрөгчийн зөвлөлийг байгуулсан гэлээ.

“Смарт энержи групп” ХХК-ийн захирал, Хуажун шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант Э.Баяржаргал:

-Нарны эрчим хүчийг дулаан болон цахилгаан гаргаж авахад ашигладаг. Сүүлийн үед улс орнууд их чадлын нарны станцыг барихдаа, зөвхөн станц бариад зогсохгүй хоосон зайд нь газар тариалан эрхлэх чиг хандлагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл, газар тариалантай хосолсон нарны станц барих нь түгээмэл болж байна.

Түүнчлэн сүүлийн үед их чадлын нарны станцыг уламжлалт нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцтай хослуулж үр ашгийг нь дээшлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна.

16.00-18.00 цаг. "Эрчим хүчний шилжилтийг дэмжиж буй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх" хэлэлцүүлэг

Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”-ын Корпрэйт Конвэйшн төвд үдээс хойшх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Яг одоо "Эрчим хүчний шилжилтийг дэмжиж буй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОО БАРИМТ

Өнгөрөгч 2021 оны байдлаар Эрчим хүчний нэгдсэн системд одоогоор дараах байдлаар сэргээгдэх эрчим хүчнийхэн эрчим хүч үйлдвэрлэж байна.

Цахилгаан станц Тоо Үйлдвэрлэсэн эрчим хүч
Салхин цахилгаан станц 3 563 сая кВт.ц
Нарны цахилгаан станц 6 156,9 сая кВт.ц
Усан цахилгаан станц 4


2021 онд сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл нэгийг шинээр олгожээ.

2022 оны есдүгээр сарын 28: 15.00 цаг

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

Приус автомашин замын хажуу руу унаж 1 хүн амиа алджээ
Приус автомашин замын хажуу руу унаж 1 хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.