/2022.09.27/: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ 17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах боломжийг олгох, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, оролцоог нь сайжруулах зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгууллаа.
Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны ажлаа тайлагнадаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд нийт 440 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо. Газар тариалангийн 175, хүнсний 136 үйлдвэр, хөнгөний 10 үйлдвэр оролцож, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, 1,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийв.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж ажиллалаа.
Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэгчид парадаар жагсаж, Монголын уламжлалт хоол, хүнс хийх арга, технологийг сурталчилсан үзүүлбэрүүдийг гүйцэтгэж, 21 аймгийг 4 бүсэд хуваан, нутаг, нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өв уламжлал, ёс заншлыг таниулах, сурталчлах өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлогтой боллоо.