/2022.09.26/: Ираны сайн дурын хагас цэрэгжсэн бүлгийн тав дахь гишүүн ням гарагт амиа алджээ.
Тус улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси олон хоног үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг "шийдвэртэй" арга хэмжээ авч арилгана гэж анхааруулсан байна.
Сүүлийн амиа алдсан хүн нь пүрэв гарагт Ираны баруун хойд хэсэгт орших Урмиа хотод авсан гэмтлийнхээ улмаас амиа алдсан гэж Ираны төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв. Исламын хувьсгалт гвардийн корпустай (IRGC) холбоотой хагас цэрэгжсэн байгууллага болох Басижийн бусад гишүүд Казвин, Табриз, Машхад, Кучан зэрэг хотод амь үрэгджээ.
Төрийн мэдлийн мэдээллийн агентлагууд засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг зогсоосон гэж мэдэгдсэн ч ням гарагт Тегеран болон бусад мужийн олон арван хотуудын гудамжинд засгийн газрын эсрэг жагсагчид буцаж иржээ.
Аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдыг баривчилж, интернетийг нь тасалсан ч жагсагчид өөрсдийгөө зохион байгуулан ийнхүү буцаж нэгдсэн байна. Жагсагчид засгийн газрын эсрэг болон Дээд удирдагчийг эсэргүүцсэн уриа лоозон барьж, мөн “дарангуйлагчид үх” хэмээн хашгирч, басижийн зэвсэгт хүчний эсрэг тэмцсэн байна.
Баасан гарагаас хойш нийслэл Тегеранаас авахуулаад улсын хэмжээнд дор хаяж 40 хотод жагсаал болж, жагсагчид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, мөн хижаб өмсөхийг зогсоохыг шаардсан байна.
Ираны Телевизийн (IRIB) төрийн мэдээллийн хэрэгслээр баасан гарагийн орой Иранд Аминигийн үхлийн эсрэг жагсаалын үеэр хамгийн багадаа 35 хүн амь үрэгдсэн гэж мэдэгджээ.
Эмнести Интернэшнл өмнө нь 30 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн юм.
Жагсаалтай холбогдуулан 1200 хүнийг баривчилсан гэж Ираны төрийн дэмжлэгтэй мэдээллийн Tasmin агентлаг бямба гарагт мэдээлэв. IRGC жагсагчдыг "үймээн самуун дэгдээсэн", "эвдэн сүйтгэсэн" гэж буруутгаж, цагдаа нарыг "үндэсний аюулгүй байдлыг хамгаалахыг" уриалав.
Хэвлэлийн эрх чөлөөнд хяналт тавьдаг ашгийн бус байгууллага болох Сэтгүүлчдийг Хамгаалах Хорооны (CPJ) тайланд дурдсанаар, Иранд төрийн эсрэг жагсаал улс даяар тархаж, 17 сэтгүүлч баривчлагдсан байна.
Ираны эрх баригчид гудамжинд тайван байдал тогтох хүртэл тус улсад интернэт ашиглахыг хязгаарлана гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ 1979 онд тус улсад болсон хувьсгалын дараа байгуулагдсан Ираны цэргийн элит жигүүр болох IRGC бүх ард түмнээс жагсагчдыг олж тогтоохыг хүссэн гэж тус улсын хагас албан ёсны мэдээллийн агентлаг Fars News мэдээлэв.
Ард түмэн ариун Мешхед хот, баруун хойд хэсэгт орших Казвин хот, төвийн Эсфахан хот болон баруун хэсгийн Хамедан, Ясуж зэрэг олон хот, сууринд гудамжинд гарч, "сүүлийн үеийн үйл явдлуудад эв нэгдэл, зэвүүцлээ илэрхийлэв.
Эх сурвалж: CNN