/2022.09.21/ Мета компанийн Монголыг хариуцсан түнш FARO Foundation ТББ-аас хэрэгжүүлж буй “We Think Digital - Бид Цахим Иргэд” төслийн явцын мэдээлэл солилцох, цаашдын төлөвлөгөөг танилцуулах чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү төслийн хүрээнд цахим аюулгүй байдал, хувийн нууцлалаа хангах, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх болон хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн таних вэ зэрэг агуулгаар 8 загвар хичээлийг монгол хэлнээ орчуулж, үнэ төлбөргүй түгээсэн юм. Сургалтыг хамтрагч байгууллагуудын тусламжтайгаар 10 мянга гаруй иргэдэд хүргэжээ.
Хамгийн гол нь үргэлж шинэчлэгдэн хөгжиж байгаа цахим орчин дахь мэдээллийн урсгалд аюулгүй байдлаа хамгаалж, мэдлэг мэдээлэлтэй иргэнийг төлөвшүүлэхэд тасралтгүй сургах чадвар бүхий ЕБС-ийн мянга гаруй багш, 170 орчим нийгмийн ажилтан, 40 сургагч багшийг энэ төслийн явцад бэлдсэн байна.
Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен "Цаашид 21 аймаг, есөн дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд цахим боловсролын түвшинг тодорхойлох нэгдсэн судалгаа явуулах ажил төлөвлөсөн" гэдгээ нээлтийн үеэр илэрхийллээ. Мөн НҮБ-ын шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно 3.4 сая хүн амтай Монгол улсын 2.2 сая нь цахим хэрэглэгч байна гэдэг өндөр үзүүлэлт болохыг дурдаад тэдний цахим боловсролыг дээшлүүлэх тасралтгүй үйл ажиллагаа болсон We Think Digital төсөлд амжилт хүссэн юм.
Мөн БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр:
-Энэ өдрүүдэд өрнөж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд “Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь” сэдэвтэй тусгай арга хэмжээг манай улс хариуцан зохион байгуулж байна. Монгол Улсад ковидын нөлөөгөөр хоёр жил орчим цахимаар боловсрол олгох онлайн хичээл зохион байгуулж, алдаа, оноотой туршлага хуримтлуулсан. Судалгаагаар нийт 170 орчим мянган хүүхэд цахим хичээлдээ хамрагдаж чадаагүйн 50 мянга нь л гар утас, интернэт, зурагтгүй шалтгаанаар, харин үлдсэн 120 орчим мянга нь цахим орчинд хэрхэн ажиллаж, харилцахаа мэдэхгүй байдлаас үүдсэн байна. Энэ нь манай улсад цахим боловсролыг өндөр хэмжээнд авч үзэх онцгой шалтгаан юм. Бид Цахим боловсролын тухай хууль батлуулахаар ажиллаж байгаа. Монгол Улс тун удахгүй дижитал боловсрол экспортолдог орон болно гэлээ.
Өнөөдөр болсон We Think Digital чуулга уулзалтад есөн дүүргийн 85 сургуулийн 170 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч оролцлоо.
Өнөөдөр “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр Mongolian Fact Checking Center-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо:
-Бид хуурамч, ташаа мэдээллийг баримтаар шалгаж, дүгнэлт гаргасан тайланг өмнө нь тав, арав, ихдээ л 100 хүн үздэг байсан бол одоо Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш болсноор тухайн мэдээллийг постолсон тохиолдол бүрийг, мөн ойролцоо утгатай мэдээллийг автоматаар шошгожуулдаг болсон. Энэ нь тухайн хуурамч, ташаа мэдээллийг хуваалцсан хүн бүрд мэдэгдэл очиж, мөн шалгасны дараа ч хуваалцах гэсэн тохиолдол бүрд сануулга хүргэдэг болсон. Мэдээллийн түгсэн байдлаас хамаарч янз бүрийн тоо гарах тул дунджаар нэг мэдээллийн ард 1000 тохиолдлыг тэмдэгжүүлж, бодит мэдээлэл хүргэдэг гэж болно гэлээ.
ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд ч цахим орчинд түгэж байгаа хуурамч, ташаа мэдээллийг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол MFCC-ийн энэ үйл ажиллагаа гэдгийг баталгаажуулаад, хорооны зүгээс хууль бус мэдээллийг устгах чиглэлээр Мета компанитай хамтран ажилладаг нь цахим орчин дахь аюулгүй байдал, хуурамч, худал мэдээллийг бууруулахад авч хэрэгжүүлж буй үр дүнтэй арга гэдгийг онцоллоо.
Тус уулзалтад Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен, НҮБ-ын шадар суурин төлөөлөгч Аяако Кайно, АНУ-ын Элчин сайд Майкл Клечески болон БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр нарын хүндэт зочид оролцож, “We Think Digital - Бид Цахим Иргэд” төслийн ач холбогдол, үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.