Улсын Их Хурлын даргыг Беларусь Улсад айлчлахыг урилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Их Хурлын даргыг Беларусь Улсад айлчлахыг урилаа

/2022.09.21/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Алейникийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүхэн уламжлалт, найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй болж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр, манай хоёр улсын харилцан итгэлцэл энэхүү найрсаг харилцааг эдийн засгийг агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Алейник хэлэхдээ, Монгол Улсад хийж буй энэхүү хоёр дахь удаагийн айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байна. Манай хоёр улсын найрсаг харилцаа уламжлалт түүхэн улбаатай бөгөөд энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа билээ.

Манай хоёр орон өнгөрсөн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ахиц дэвшил гаргасан. Цаашид хүмүүнлэг, улстөр, худалдаа, эдийн засаг болоод парламент хоорондын хамтын ажиллгааг өргөжүүлэх боломжтой гэж харж байна. Энэ жил Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтарсан хорооны зургадугаар хуралдаан, мөн Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хуралдааныг тус тус зохион байгуулсан. Бидний зүгээс парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой.

Энэ ташрамт дуулгахад Бүгд Найрамдах Беларусь Улсын парламент дахь Беларусь, Монголын найрамдлын бүлэг байгулагдсан ба дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын парламентын тэргүүн нарын харилцан айлчлал хийгдэж байгаагүй. Иймд хоёр улсын парламентын гишүүдийн харилцан айлчлалыг идэвхжүүлэх, Монгол Улсын Их Хурлын даргыг Беларусь Улсад айлчлах урилгыг үүгээр уламжилж байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь хоёр улс хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэг байна. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал юм. Тэрбээр, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Талууд парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж: УИХ

Улсын хүүхэлдэйн театр орлогынхоо 1 хувийг хүүхдийн хөгжилд зарцуулна
Улсын хүүхэлдэйн театр орлогынхоо 1 хувийг хүүхдийн хөгжилд зарцуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.