/2022.09.09/: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүргийг түр хариуцан ажиллаж буй.
Тэрбээр Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа, Нарийнсухайтын бүлэг ордын хэмжээнд нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хилийн боомтын захиргаа, "Монголын Алт МАК" ХХК, "Саус Гоби Сэндс" ХХК, "Өсөх зоос" ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга уулзалтын үеэр “Төр бизнес эрхлэгчдийнхээ хурдтай, бүтээмжтэй ажиллагааг удаашруулж, хязгаарлагч биш хөгжлийг нь дэмжигч, хамтран ажиллагч байна. Бизнес эрхлэгчдээ төр дэмжиж, үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа уриа лоозон хэлбэрээр биш тодорхой тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Нэн түрүүнд Монгол Улс ойрын 10 жилийн бодлогоо маш тодорхой мөрдөж, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчдэд ойлгомжтой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангана” гэж хэллээ.
Өнөөдрийн байдлаар Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн “Ногоон бүс”-д чингэлэг тээврийн 32 аж ахуйн нэгжийн 412 жолооч, тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн экспортын үйл ажиллагаа явуулж, энэ сарын 05-ны байдлаар 12656 тээврийн хэрэгслээр 2.020.090 тонн нүүрс экспортолжээ.
Халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, боомтын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах талаар Хятадын талтай харилцан тохиролцон ажилласны үр дүнд тээврийн хэрэгслийн тоог 260-270 болгон нэмэгдүүлж, цаашид үе шаттайгаар дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Шивээхүрэн боомтоор ердийн үед хоногт дунджаар 700-800 задгай тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан. Өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 272 тээврийн хэрэгсэл /1088 чингэлэг/ буюу задгай тээврийн хэрэгслийн тоон судалгаатай харьцуулбал 390-400 тээврийн хэрэгслээр нүүрсний экспортын үйл ажиллагааг явуулж байна.
Гашуунсухайт боомтоос ПГУ-ын зөөврийн лабораторийг энэ сарын 04-ний өдөр шилжүүлэн авчирч, нүүрс тээврийн жолооч нараас шинжилгээ авах, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. БНХАУ-ын Сэхэ боомт талдаа “Улаан бүс” буюу нүүрс ачиж буулгах хоёр талбай байсныг нэмэгдүүлж, дөрвөн буулгахаар зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна.
Цахилгааны 110-н шугамын болон терминалын ажилчдын байр, оффис, уурын зуухны барилга байгууламжийн бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлон оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Шивээхүрэн хилийн боомтын чингэлэгт тээврийн терминалын төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Эх сурвалж: ЗГ