/2022.09.09/: Өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаа.
Тус эмнэлгийн дэмжих төвд өрхийн эмнэлгээр дамжуулан цаг авсан иргэд ирж эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдаж буй.
Тухайлбал тус төвийн дурангийн тасгаар өдөртөө 40-45 хүн үзлэгт хамрагдаж байна. Ямар нэгэн шинж тэмдэггүй ч 40-өөс дээш насны иргэдийн дунд улаан хоолой, ходоодны өвчлөл өндөр гарч байна гэв. Зарим тохиолдол хавдар илэрч буй. Шинж тэмдэггүй явж байсан иргэдийн хувьд эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд орсны дараа өвчнөө эрт мэдэж, хүндрэхээс урьдчилан сэргийлж эмчлэх боломж бүрдэж буйд баярлаж буйгаа тус төвөөр үйлчлүүлж байсан хэд хэдэн иргэн илэрхийлжээ.
34-өөс доош насны иргэд эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдахгүй, цаг нь бүртгэгдсэн ч ирж үзлэгтээ орохгүй байгаа тухай эмнэлгийн ажилтнууд ярьлаа.
2021-2022 оны хооронд Улсын төсвөөс санхүүжүүлэн 21 аймаг 9 дүүрэгт тус бүр нь 1,5-1,8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулаад байгаа билээ. Эдгээр төв нь иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 300,000 орчим иргэн эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдаад байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өнгөрсөн онд 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 толгой SIEMENS-ийн Ангиографийн аппаратыг суурилуулсан. Энэхүү аппарат нь захын судасны маш нарийн хагалгааг хийх чадамжтай юм. Нэг үгээр хэлбэл дэлхийн өндөр хөгжилтэй оронд хийдэг нарийн мэргэжлийн хагалгааг хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой аж. Энэхүү аппаратыг суурилуулснаас хойш 20 гаруй хагалгааг тус эмнэлэгт хийгээд байна.
2022 онд Өвөрхангай, Ховд, Хэнтий зэрэг 6 аймагт Ангиографийн аппаратыг Монгол улсын засгийн газраас авч суурилуулсан билээ.
Дээрх аймгуудад Эрүүл мэндийн сайдын тушаалаар төвийн эмнэлгийн мэргэжлийн эмч нар очиж сургалт хийж буй. Улсын хоёрдугаар эмнэлгийн эмч нар сайдын тушаалын дагуу орон нутагт ажиллаж ангиографийн аппаратыг ажиллуулах эмч нарыг сургах ажлыг тогтмол хийж байна. Улсын хэмжээнд тус ангиографийн аппаратаар нийт 300 орчим судасны мэс ажилбарыг амжилттай хийжээ.
Улсын хоёрдугаар эмнэлэгт өвдөлт намдаах клиник шинээр байгуулагдсан байна. Энэхүү клиник нь хагалгааны дараах болон цочмог, архаг толгой, хүзүү, мөр, нуруу, өвдөг, гурвалсан мэдрэл, харвалт, фантом өвдөлт, хавдрын өвдөлтийг намдаах чиглэлээр ажиллахаар тоноглогджээ.
Тус эмнэлэгт ажиллаж буй харвалтын тасаг нь төвлөрлийг сааруулах ач холбогдолтой юм. Өмнө нь зөвхөн УГТЭ-т л харвалтын дараах эмчилгээг хийдэг байсан бол одоо УНТЭ, УХТЭ-т харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийдэг болоод байна.
Эх сурвалж: ЭМЯ