/2022.09.09/: “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй хаалганы өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд лавлагаа, мэдээлэл өгнө
Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага оролцож, шүүхийн шийдвэрээр өр, төлбөртэй эсэх лавлагааг иргэн, хуулийн этгээдэд, мөн хорих ял эдлээд суллагдсан иргэний лавлагаа олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зөвлөгөө өгөх юм.
Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орохыг хүссэн иргэдэд байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, онцлог, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, сургах чиглэлээр мэдээлэл авах боломжтой.
Өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 120 байгууллага оролцох бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ололт, амжилт, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршлагаа олон нийтэд сурталчлан танилцуулах юм.
Эх сурвалж: ШШГЕБ