/2022.09.09/: Соёлын яамнаас санаачлан, Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Соёлын орон зайг хамтдаа бүтээе” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Дэлхийн улс орнууд бүтээлч байдлыг хотын хөгжлийн стратегийн гол хүчин зүйл гэж үзэх ёстой гэсэн үзэл баримтлалыг дэмжиж, ЮНЕСКО-гийн “БҮТЭЭЛЧ ХОТЫН СҮЛЖЭЭ” нэгдсээр буй. ЮНЕСКО-гийн санаачилсан “Бүтээлч хотын сүлжээ” нь 2004 оны IX сард байгуулагдсан бөгөөд одоогоор дэлхийн 246 хотууд нэгдэн ороод байна. Энэхүү сүлжээг бүрдүүлж буй хотуудын хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллах нийтлэг зорилго юм.
Иргэдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх, амьдралын чанарыг нэмэгдүүлэх, соёлын илэрхийллийн олон талт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн шинэ загвар бий болгох үйл ажиллагааг НҮБ-аас идэвхтэй дэмжиж, Соёлын орчин, орон зай нь иргэдийн аюулгүй, амгалан тайван орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ соёлын үнэт зүйлээс хүртэх, эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал зуршлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. Соёлын орон зайг бүрдүүлэх энэ санаачилга нь Улаанбаатар хотыг ЮНЕСКО-гийн “Бүтээн хотын сүлжээ”-нд нэгдэхэд нэг алхам ойртуулах юм.
Соёлын тухай хуулийн хэрэгжилт-“Соёлын орон зай”
Соёлын тухай хуульд Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тусгайлан зааж, нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх, соёлын илэрхийллийг таниулах, соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан.
Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж өөрийн харьяа газар нутагтаа соёлын орчин, орон зайг бий болгох ажлыг өрнүүлэн хэрэгжүүлэх, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтөд санал санаачилгаа тусгах, тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Соёл, урлагийн ажилтны өдрийг жил бүрийн есдүгээр сарын 2 дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын ‘Журам батлах тухай’ 2019 оны 204 дүгээр тогтоолоор баталсан. 1993 оноос хойш Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байсан уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа буюу 24 жилийн дараа Монгол Улсын Соёлын яамыг бие даан байгуулснаас хойш анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ.
Соёлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр соёлын үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлч, хувь хүн, бүлэг хамт олныг хамруулснаар 40 орчим мянган соёл, урлагийн ажилтны баяр болж өргөжсөн юм. Энэ жилийн баяраар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Денвэрийн гудамж - Сэлбэ голын эрэг дагуу байршлыг сонгон “Соёлын орон зай”-г бий болгох ажлыг өрнүүлж, эхлэлийг тавьж байна.
Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Соёлын орон зайг бий болгох ажлын ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, МУЭХ, Соёлын яамны харьяа байгууллагууд ажиллаж байна.
“Соёлын орон зайг хамтдаа бүтээе” арга хэмжээний хөтөлбөр
“Соёлын орон зайг хамтдаа бүтээе” арга хэмжээг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Денвэрийн гудамжинд 2022 оны есдүгээр сарын 10-ны 11-ний амралтын өдрүүдээр зохион байгуулна.
Арга хэмжээний хүрээнд иргэдэд зориулсан амралт, чөлөөт цагийн ая тухтай орчныг бүрдүүлж, үзвэр үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн худалдаа, соёл, урлагийн олон нийтийн оролцоот хөтөлбөрт арга хэмжээ зэрэг сонирхол татахуйц хэлбэрээр хүргэнэ. Үүнд:
1. Денвэрийн гудамж
- Сэлбэ голын тохижилтын ажлыг гүйцэтгэх
- Засвар, тохижилт (гэрэлтүүлэг);
- Ногоон байгууламж (зүлэгжүүлэлт, мод бутыг хэлбэржүүлэх);
- Цэвэрлэгээ (100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх хэсэг);
2. Соёл урлагийн ажилтны өдрийн арга хэмжээ (тусгай хөтөлбөрүүд)
- Денвэрийн гудамж - Сэлбэ голын эрэг дагуух орон зайг зураач, уран бүтээлчдийн бүтээлүүдээр тохижуулж, соёлын орон зай, орчин бүрдүүлэх;
- Сонгодог урлаг, театр урлаг, үндэсний урлаг, хүүхэлдэйн урлаг, уран зураг, урлахуй, кино урлаг, соёлын өв, түүхэн орон зай, ном хэвлэл зэрэг соёл урлагийн салбарыг хамарсан бүтээлч орон зайг бүрдүүлж, уран бүтээлчдийн Монголын соёл, урлагийн онцлогийг агуулсан орчин үеийн, сонирхол татахуйц уран бүтээлүүдийн үзэсгэлэн, Арт3D үзүүлбэрийг олон нийтэд толилуулан, соёл урлагийн “Хамтдаа зуръя”, “Хамтдаа бүжье”, “Кино үзье”, “Хамтдаа дуулья” зэрэг олон нийтийн оролцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулах;
- Соёл, урлагийн ажилтны баярын арга хэмжээний хүрээнд нээлт, хаалтын үйл ажиллагаа, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн тоглолт, гитарын сургалт, үзүүлбэр танилцуулга, нээлттэй микрофон зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулна.
“Соёлын орон зайг хамтдаа бүтээе” арга хэмжээг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Денвэрийн гудамжинд 2022 оны есдүгээр сарын 10, 11-ний амралтын өдрүүдээр зохион байгуулагдана.
Эх сурвалж: Соёлын яам