Т.Туяажаргал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх ЦОГЦ ТӨВ санхүүжилтгүйн улмаас хаалгаа бариад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Туяажаргал: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх ЦОГЦ ТӨВ санхүүжилтгүйн улмаас хаалгаа бариад байна

“Ээлтэй ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч Т.Туяажаргалтай ярилцлаа.

-Танай ТББ хэдэн онц байгуулагдсан бэ? Үйл ажиллагааныхаа талаар уншигчдад танилцуулахгүй юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус, асран хамгаалагчид нэгдэж “Ээлтэй ертөнц” ТББ-ыг 2009 онд байгуулсан түүхтэй. Тухайн үед халамжийн мөнгө маш бага, улиралдаа 30 мянган төгрөг л авдаг байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань сардаа 48 мянган төгрөг авдаг байсан үе. Өнөөдөр бид өөрсдийн эрхийн төлөө дуугарч чадаж байна. Гэтэл 2009 оны үед эрхийнхээ талаар ярих ч боломжгүй байлаа.

Манайх үндсэндээ 4 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

  • Нэгдүгээрт, Ээлтэй ертөнц ТББ-ын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх "Энэрэл төв"-ийг ажиллуулдаг. Энэ бол бидний хамгийн том ажил. Хүүхдүүдтэйгээ өдөр бүр өглөөний 07.00 цагаас орой 5.30 хүртэл ажиллаж, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 28 хүүхдэд үйлчилгээг үзүүлж байна. Тус төвийн санхүүжилтийг шийдэхийн тулд ээж, аав нар маань нийлж “Ханни зөөлөн тоглоомын үйлдвэр”-ийг ажиллуулдаг. Тус үйлдвэрт өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэн ажиллаж байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчид ажилладаг. Яваандаа Энэрэл төвийн маань хүүхдүүд Ханни зөөлөн тоглоомын ажилтан болж бэлтгэгдэнэ гэсэн зорилт тавьж байгаа.
  • Хоёрдугаарт, бидний хийж буй нэг томоохон ажил бол нөлөөллийн ажил. Нийгэм, төр засаг, бодлогын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, тэдний асран хамгаалагчдын эрх ашгийн төлөө нөлөөллийн ажлуудыг хийж, бодлого боловсруулах ажлын хэсгүүдэд оролцож байна.
  • Гуравдугаарт, хүүхдүүдээ нийгэмшүүлэхийн тулд “Хамтдаа инээмсэглэе” өдөрлөг, хүүхдийн зуслангийн ээлжүүдийг зохион байгуулж ажиллан ажилладаг.
  • Дөрөвдүгээрт, асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтуудыг төр засгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Одоогоор 84 хүн энэ сургалтад хамрагдаад байна.

-Энэрэл төвд ямар ч насны хүүхэд байх боломжтой юу?
-Манай төвийн насны дээд хязгаар 16. Гэхдээ миний хүү одоо Энэрэл төвд байгаа хүүхдүүдээс хамгийн том нь, 17 настай. Энэ хүүхдийг 6 настай хүүхэдтэй хамт хөгжүүлнэ гэдэг хэцүү шүү дээ. Ер нь одооноос л нэлээд асуудал гарч ирж байх шиг байна. Тиймээс яваандаа "Хүүхдийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх төв", "Залуусын хөгжлийн дэмжлэг үзүүлэх төв" болгож өргөтгөх зорилготой байгаа. Бүр цаашилбал "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" болгохоор том зургаар нь харж, зорьж байгаа.

Ханни зөөлөн тоглоомын үйлдвэрт үйлдвэрлэгддэг чихмэл тоглоом
Ханни зөөлөн тоглоомын үйлдвэрт үйлдвэрлэгддэг чихмэл тоглоом

НЭГ СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ АШИГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭС ДЭЭГҮҮРТ ТАВИГДАЖ БАЙНА

-Танай байгууллага саяхан хэвлэлийн хурал хийж, зарим нэг шаардлагыг холбогдох хүмүүст хүргүүлж байх шиг байсан?
-Тийм ээ. Наймдугаар сараас хойш 3 удаа хэвлэлийн хуралж хийж, 2 удаа албан тоот илгээлээ. Манайх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагчдын эрхийн төлөө 10 гаруй жил дуугарч байна. Үе үеийн төрийн удирдлагуудад хандаж тэдний эрх ашгийг хамгаалж өгөөч гэж маш олон удаа хүсэлт тавьсаар ирлээ. Үүний үр дүнд тодорхой хэмжээнд зарим зүйл дээр ахиц дэвшил гаргаж байгаа. Гэхдээ нэн тэргүүнд хийх ёстой ажил бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх цогц төв юм. Хэрэв багаас нь цогц үйлчилгээ үзүүлбэл тухайн хүүхдийн хөгжилд маш том ахиц дэвшил гаргаж чадна.

Бид дээрх хүсэлтийг тавьж нэлээд хэдэн жил явсан боловч үр дүнд хүрч чадаагүй. Тиймээс өөрсдөө хийж үзүүлэх хэрэгтэй гэж бодсоны үндсэн дээр 2018 онд “М-Си-Эс Эстэйтс” компанийн дэмжлэгээр хүүхэд хөгжүүлэх Энэрэл төвөө нээж байв. Энэ төв маань үйл ажиллагаагаа тогтмолжуулсныхаа дараагаар Ханни зөөлөн тоглоомын үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Эргээд харахад, манай ТББ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйлчилгээ, тэднийг хэрхэн хөгжүүлэх боломжтой гэдгийг хангалттай харуулж чадсан гэж бодож байна. Энэрэл төвд суралцдаг хүүхдүүдийн маань хувьд ч мөн маш том, тодорхой өөрчлөлтүүд гарсан.

Тиймээс цаашид энэ төрлийн үйлчилгээг стандарт журамтай болгож, төр хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж дээрх хүүхдүүдийн төлөө ажлаа хийгээч гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Харамсалтай нь "эдгээр үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлэх боломжгүй, аль нэгийг нь сонго" гэдэг хариултыг бидэнд өгдөг.

Харин 2022 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр ХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан байдаг. Тухайн ажлын хэсэг нь байнгын асаргаа шаардлагатай бусдын тусламжтайгаар үйл ажиллагаанд оролцож буй хүүхдүүдийн асуудлыг шийдэх үүрэгтэй байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж тодорхой дүгнэлт гаргаагүй, чиг үүргийнхээ дагуу ажиллаагүй байна.

-Энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зарим шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байдаг. Үүний хэрэгжилт ямар байна гэж харж байгаа вэ?

-Засгийн газраас гаргасан тэмдэглэлд нийт 11 зүйл дурдагдсан байгаа. Хэрэв энэ бүгд хөрсөн дээрээ буугаад, амьдралд хэрэгжээд эхэлбэл маш том өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Дээрх зүйлд хөгжүүлэх төвийн зардал, стандарттай болгох, Монгол Улс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвтэй болох зэрэг бүх зүйл багтсан байдаг. Гэвч өнөөдрийн нөхцөл байдлаас харахад ихэнх нь биелэгдээгүй байна.

Одоогоор дээрх тэмдэглэлийн дагуу хамгийн сайн ажиллаж буй нь Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тасарчихсан байсан эмийг оруулаад ирлээ. Мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнийг гаднаас эмч авчирч хийлгэж байна. Энэ бол ололт. Гэхдээ эм нь маш өндөр үнэтэй. Дээрээс нь Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-аар авах эмийн жагсаалтад ороогүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй зэрэг асуудал байсаар л байна. Энэ асуудлыг яг цогцоор нь шийдсэн үү гэвэл үгүй. Тиймээс Засгийн газар өөрсдийн гаргасан тэмдэглэлийнхээ дагуу ажлаа хийгээч гэсэн шаардлагыг тавьсан.

-Шинээр томилогдсон ХНХ-ийн сайдад хандсан уу?

-Өнгөрсөн долоо хоногт ХНХ-ийн сайд Д.Сарангэрэл биднийг хүлээн авч уулзан, энэ асуудлыг маш хурдан хугацаанд шийдэж өгнө гэж хэлсэн. Гэвч бид олон Засгийн газрын тэргүүн, сайдтай уулзаж байсан. Тэдний зүгээс "Шийдэхэд үнэхээр хэцүү, хүнд" гэдэг тайлбарыг өгсөөр ирсэн байдаг.

Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө биднийг эгдүүцүүлэхээр нэг үйл явдал боллоо. Юу гэхээр, нэг сэтгүүлчийн асуудал Засгийн Газрын хэмжээнд хүртэл яригдаж, үндсэн эрх нь зөрчигдсөн гэж нэлээд шуугилаа. Гэвч Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг маш ноцтой зөрчсөөр байгаа. Тэдний хөгжих эрхийг боомилж байна. Энэ хүүхдүүдийн төлөө нүдээ аньж, чихээ даран, амаа хамхиад явж байж нэг хүний эрх зөрчигдсөний төлөө маш том хэмжээний компанит ажил өрнөлөө шүү дээ.

Засгийн газар бидний хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдож буй бүх эрхийг зөрчиж байж, нэг сэтгүүлчийн ээжийн асуудалд яагаад хүний эрхийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл гаргаж ирж байгаа юм бэ. Үүнд бид нар маш гомдолтой байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТТБ-уудад тулгамддаг хамгийн гол асуудал юу байдаг вэ?
-Яг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна гэдэг асар том зориг, сэтгэлийн хаттай хүний хийх ажил. Ялангуяа манай Энэрэл төв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чадавхжуулна гэдэг хэр баргийн хүн хийхээргүй маш их тэвчээр шаардагддаг. Энэ утгаараа бидэнд санхүүгийн дэмжлэг, туслалцаа маш их хэрэгцээтэй болдог. Олон ТББ олон улсын төсөл хөтөлбөр болон өөрсдөөсөө санхүүжилтээ гаргадаг. Ээлтэй ертөнц ТББ-ын хувьд ч гэсэн ялгаагүй.

Энэ бол зөвхөн Энэрэл төвийн асуудал биш. Ийм төв дахиад маш олон газар байх хэрэгтэй. Манай төв Хал-Уул дүүргийн “Вива сити”-д үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт уулан дээр амьдардаг, Баянхошууны, Жанцангийн буудал дээр байгаа хүүхдүүдэд ч гэсэн энэ үйлчилгээг хүргэмээр байна. Харамсалтай нь санхүүжилт байхгүйн улмаас эдгээр хүүхдүүд гэр гэртээ байна. Тиймээс төр энэ үйлчилгээнүүдийг санхүүжүүлж, бүр болохгүй, эрхзүйн орчин бүрдээгүй бол хуульчлаад, бидэнд магадлан итгэмжлэл өгсөн ч болно шүү дээ.

-Энэ чилэлээр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн байгууллага байдаг вэ?
-800 орчим Төрийн бус байгууллага байдаг. Гэхдээ байнгын, тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 орчим л байгаа байх.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ ТӨВ САНХҮҮЖИЛТ БАЙХГҮЙН УЛМААС ХААЛГАА БАРЬЖЭЭ

-Энэ жил танайх ямар зорилт дэвшүүлж ажиллаж байгаа вэ?
-Энэ жил Энэрэл төвийн маань таван жилийн ой тохиож байна. Харамсалтай нь өнөөдөр үүд хаалгаа барьчихсан байгаа. Төр засаг хүүхдүүдийг маань хүлээн зөвшөөрч, бидний үйл ажиллагааг санхүүжүүлэх хүртэл төвдөө хүүхдүүд авахгүй гэсэн шийдвэрт хүрлээ. Өмнөх жилүүд шигээ бүсээ чангалаад хүүхдүүдээ авч болно л доо. Гэхдээ хэдий болтол ингэж явж чадах нь тодорхойгүй. Энэ бол төрийн хийх ажил. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цогц үйлчилгээ гэдгийг харуулчихсан учраас одоо төрөөс санхүүжүүлэх хүртэл төвөө ажиллуулахгүй. Өөрсдөө хийе гэчхээд одоо ажлаа хий л дээ. Яагаад хийхгүй байгааг нь огт ойлгохгүй байна. Эсвэл санхүүжүүлж чадахгүй гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань энэ хугацаанд маш их хохирч байна.

"Энэрэл" хүүхэд хөгжүүлэх цогц төв
"Энэрэл" хүүхэд хөгжүүлэх цогц төв

-Санхүүжилтэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Энэрэл төв маань сард 12-15 сая төгрөгийн зардалтай ажилладаг. Харин жилд 180 сая орчим төгрөгийн төсөвтэй байдаг.

-Танай байгууллага одоогоор хэдэн ажилтантай вэ?
-28 хүнд ажлын байр бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна.

-Цаашдын үйл ажиллагааны зорилгоос хуваалцвал?
-Одоо хийж буй ажлуудаа улам илүү сайжруулж, хууль эрх зүйн орчныг тодорхой болгоно. Яваандаа зөөлөн тоглоомын үйлдвэрээрээ дамжуулан одоогийн үйл ажиллагаагаа илүү тогтвортой авч явна гэсэн зорилготой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эрчим хүчний нүүрсний экспорт  дараагийн боломж
Эрчим хүчний нүүрсний экспорт дараагийн боломж
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.