/2022.09.08/: Вьетнамын өмнөд хэсэгт орших Хо Ши Мин хотын ойролцоох караокед гал гарсны улмаас 32 хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.
Мягмар гарагийн шөнө тус байгууллагын дээд давхарт гал гарч, үйлчлүүлэгчид болон ажилчид нь гарцгүй болсон байна.
Барилгаас амьд гарахын тулд дөрвөн хүн хоёр, гуравдугаар давхраас үсэрсэн гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Тэд шархадсан ч амьд үлджээ.
Дохио дуугарсны дараахан гал сөнөөгчид хэргийн газарт очсон байна. Гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Олон нийтийн аюулгүй байдлын яамны албан ёсны мэдээллийн хэрэгсэл болох Конг Ан Нхан Дан сонины мэдээлснээр 32 хүн амиа алдсаны 17 нь эрэгтэй, 15 нь эмэгтэй байна.
Хохирогчдыг эрэн хайх ажиллагаа дууслаа гэж VnExpress мэдээллийн сайт албаны хүний хэлснийг иш татжээ. Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр гал гарах үед бааранд 60 орчим хүн байсан.
“Гал баарны хоёр давхраас эхэлж, хурдан шатамхай материалаар дүүрсэн гуравдугаар давхар хүртэл тархсан” гэж мэдэгджээ.
An Phu караоке баар нь 29 өрөө бүхий нэлээд том хэмжээтэй барилгад байрладаг байжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие засах газраас найман хүний цогцос олдсон тухай мэдээлж байна.
Багийнхны хэлснээр түймрийг бүрэн унтраахад ердөө нэг цаг зарцуулсан байна.
Энэ нь Вьетнамд сүүлийн жилүүдэд гарсан караоке бааранд гарсан галын хамгийн олон хүний амь насыг хохироосон гал түймэр болж байна. Өнгөрсөн сард нийслэл Ханой хотын караокед гарсан галыг унтраах гэж байгаад гурван гал сөнөөгч амиа алдсан юм.
2016 онд Ханой хотын өөр нэг караоке танхимд гал гарч, 13 хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: ВВС