/2022.08.31/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Д.Амарбаясгалан ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрээр:
-Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч, ярилцлаа. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар 2022 оны төсвийн жилд 5,8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо гарсан байна.
Өнгөрсөн хугацаанд 159 дэд, орлогч, тэргүүн дэд дарга болон зөвлөхүүдийг чөлөөллөө. Үүний үр дүнд 1,4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргахаар болсон байна. Мөн сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлаж, 587 ширхэг автомашиныг унахгүй битүүмжилж ЗГ-ын автобаазад хүлээлгэн өглөө. Ингэснээр энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268,4 сая төгрөг хэмнэсэн үзүүлэлттэй байна.
Мөн төр төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, ямар зүйлд захиран зарцуулах зэрэг хуулийн бусад заалтуудын хэрэгжилтийг төдийлөн хангаж чадахгүй байна гэж Засгийн газрын зүгээс гэж үзсэн. Тиймээс өнөөдрийн хурлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр боллоо гэв.