
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг илүү хатуу байр суурь баримталж, Украины дайныг зогсоохын тулд Москвад бодит шахалт үзүүлэхийг уриалжээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 27-нд BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Трамп Путиныг “миний найз” хэмээн нэрлэсэнд шүүмжлэлтэй хандаж, Оросын удирдагчийг найз гэж үзэх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.
Зеленский “Тэр бол түрэмгийлэгч, алуурчин. Тэр миний найз байж чадахгүй. Дэлхийн II дайны үед хэн нэгэн Гитлерийг сайн найз гэж нэрлэж байгаатай адил” хэмээн ярьжээ.
Трамп арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Путинтэй уулзахдаа түүнийг найз хэмээн тодорхойлсон бөгөөд дараа нь хоёр удирдагчийн гар барьж буй зургийг Truth Social хуудсандаа нийтэлсэн юм.
Харин Трамп арваннэгдүгээр сарын 26-нд сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа Путиныг найз гэж нэрлэсэн нь хэлэлцээрт хүрч, цус урсгалтыг зогсоох зорилготой байсныг онцолжээ.
Зеленский АНУ-ыг дайны асуудалд хэт төвийг сахисан байр суурь баримтлах бус, ОХУ-д нөлөөлөх улс төр, эдийн засаг, дипломат боломжуудаа ашиглах ёстой гэж үзэж байна.
Түүний мэдэгдэл АНУ, Украины харилцаанд үүсээд буй санал зөрөлдөөнийг дахин ил болголоо. Үүний зэрэгцээ Европын холбооны удирдагчид Украинд ирэх онд олгохоор хэлэлцэж байсан 49 тэрбум ам.долларын зээлийн асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.