
Европын холбооны удирдагчид ирэх долоон жилийн төсвийн асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадсангүй. Улмаар Украинд ирэх онд олгохоор төлөвлөсөн 49.4 тэрбум ам.долларын зээлийн асуудал тодорхойгүй байдалд орлоо. Удирдагчид уг асуудлыг гурван долоо хоногийн дараа дахин хэлэлцэхээр болжээ.
Европын холбооны 27 гишүүн орны төр, засгийн тэргүүн нар 12 гаруй цаг үргэлжилсэн төсвийн хүнд хэлэлцээ хийсэн ч 2028-2034 оны долоон жилийн төсвийн хэмжээ болон хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар тохиролцож чадсангүй.
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта баасан гарагийн өглөө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Бид тохиролцоонд хүрч чадсангүй” хэмээн мэдэгджээ.
Хэлэлцээний гол маргаан нь холбооны төсвийн нийт хэмжээ, гишүүн орнуудын санхүүжилтийн хувь хэмжээ, хөрөнгийг зарцуулах тэргүүлэх чиглэлтэй холбоотой байв. Зарим улс төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнгээ цаашид бууруулах шаардлага тавьсан бол олонх нь төсвийг дахин танахыг эсэргүүцэж, бүр өмнө нь төлөвлөсөн зарим таналтыг буцаах санал гаргасан байна.
Европын холбооны урт хугацааны төсөв нь гишүүн орнуудын үндэсний төсөвтэй харьцуулахад харьцангуй бага буюу холбооны нийт үндэсний орлогын 1-1.2 хувьтай тэнцдэг. Гэсэн ч энэ төсөв нь дэлхийн хамгийн том худалдааны нэгдлийн эдийн засаг, улс төрийн амбиц, олон улсын тавцанд эзлэх байр суурийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой юм.
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта ойрын өдрүүдэд гишүүн орнуудын Засгийн газартай дахин зөвлөлдөж, арванхоёрдугаар сард хэлэлцээг үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр шинэ төсөв 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой тул энэ оны эцэс гэхэд эцсийн тохиролцоонд хүрэх шаардлагатайг онцолсон байна.
Улс төрийн сонгууль төсвийн хэлэлцээг улам хүндрүүлэв
Европын холбооны төсвийн асуудал зөвхөн эдийн засгийн маргаан байхаа больж, гишүүн орнуудын дотоод улс төртэй шууд холбогдож эхэлжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх оны дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төсвийн хэлэлцээг дахин эхлүүлэх улс төрийн боломж хязгаарлагдана гэж мэдэгдсэн байна. Тэрбээр арванхоёрдугаар сарын 17-18-нд болох дараагийн дээд хэмжээний уулзалтаар боломжийн тохиролцоонд хүрэхэд бэлэн боловч Франц төсвийн нэмэлт таналтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Харин Германы Канцлер Фридрих Мерц дараагийн хэлэлцээнд хоёр өдөр зориулахаар төлөвлөсөн ч шаардлагатай бол хугацааг сунгаж болохыг хэлсэн байна. Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр хэлэлцээнээс бодит үр дүн гараагүйг шүүмжилж, Христийн мэндэлсний баяраас өмнө тохиролцоонд хүрэх магадлал бага гэж үзжээ.
Украины 49.4 тэрбум ам.долларын зээл эргэлзээтэй байдалд орлоо
Европын холбооны төсвийн хэлэлцээ гацаанд орсноор Украины эдийн засаг, батлан хамгаалахын хэрэгцээг санхүүжүүлэхэд зориулсан 45 тэрбум еврогийн буюу 49.4 тэрбум ам.долларын зээлийн асуудал мөн хойшлогдоод байна.
Шинэ төсвийн төсөлд Украиныг долоон жилийн хугацаанд дэмжих 100 тэрбум еврогийн санхүүжилт тусгагдсан аж. Харин ирэх онд олгох 45 тэрбум еврогийн зээлийн хүүг холбооны төсвөөс гаргах уу, эсвэл уг зардлыг төсвийн санхүүжилтээс тусад нь нэмж бүрдүүлэх үү гэдэг дээр гишүүн орнууд санал зөрөлджээ.
Уг зээлийг Украин зөвхөн Орос улс дайны нөхөн төлбөр төлсний дараа буцаан төлөх нөхцөлтэй байхаар төлөвлөсөн байна.
Европын холбооны удирдагчид өмнө нь Украины хэрэгцээг ойрын хоёр жилд санхүүжүүлэх 90 тэрбум еврогийн зээлийг дэмжсэн ч Оросын эрчим хүч, иргэний дэд бүтцэд чиглэсэн довтолгоо эрчимжиж, Хар тэнгисийн худалдаа тасалдах болсон нь Украины санхүүгийн хэрэгцээг улам нэмэгдүүлжээ.
Коштийн мэдээлснээр 27 гишүүн орны 24 нь шинэ зээлийн төлөвлөгөөг дэмжиж байгаа аж. Харин Болгар улс өөрт ногдох санхүүжилтийг зөвхөн эдийн засгийн хэрэгцээнд зарцуулах нөхцөл тавьсан бол Чех, Унгар, Словак улсуудыг ирэх сарын дотор дэмжлэгт нэгтгэх шаардлага Европын холбооны удирдлагад тулгараад байна.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд дижитал татвар нэвтрүүлэх санал гаргажээ
Европын холбооны удирдагчид төсвийн зарлагыг бууруулах асуудлаар санал зөрөлдөхөөс гадна шинэ орлогын эх үүсвэр хайж эхэлжээ.
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта цахим үйлчилгээ, онлайн сурталчилгаа болон хэрэглэгчдийн мэдээллээс орлого олдог компаниудад холбооны хэмжээнд татвар ногдуулах санал дэвшүүлсэн байна. Уг татвар жилд ойролцоогоор таван тэрбум евро буюу 5.5 тэрбум ам.долларын орлого бүрдүүлэх боломжтой гэж тооцжээ.
Гэвч Ирландын Ерөнхий сайд Михол Мартин уг саналыг эрс эсэргүүцсэн байна. Түүний үзэж буйгаар дижитал татвар нь Европын өрсөлдөх чадварыг сулруулж, хөрөнгө оруулалтын орчинд буруу дохио өгөх эрсдэлтэй аж.
Харин Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлэлцээний үеэр дижитал татварын санал өргөн дэмжлэг авсан гэж мэдэгдээд, холбооны төсвийн өөрийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байгааг онцолжээ.
Европын холбоо одоогоор гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалтын худалдааны систем болон тамхины татвараас олох орлогыг нэмэгдүүлэх хувилбаруудыг мөн судалж байна.
Эх сурвалж: Associated Press (AP), Lorne Cook
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.