
"ХҮН" намын дарга Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сард зохион байгуулах ёстой. Үгүй бол үндсэн хуулийн зөрчил үүснэ гэж ярьсан удаатай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сард явуулахгүй бол Үндсэн хууль зөрчинө гэсэн байр суурийг үндэслэлтэй эсэх талаар У.Пэрэнлэйжамц хуульчаас тодрууллаа.
- Цаашид аль нэг цаг үед сонгогдсон ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэг жилийн дараа нас барчихвал үндсэн хуулийн зөрчил болно гэж хэлээд улс орныг 5 жил ерөнхийлөгчгүй явуулах боломжтой юу?
Хуульч У.Пэрэнлэйжамц: -Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэж аливаа хүн үзэл бодлоо илэрхийлж болно. Тэглээ гээд энэ нь шууд үндсэн хуулийн зөрчил үүссэн гэж үзэхгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс тодорхой хууль журмын дагуу тогтооно. Энэ нь тусдаа журмаар шийдвэрлэгдэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 37.2-т “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэж хуульчилсан байгаа. Үүнээс харахад Ерөнхийлөгч нь огцорсон, нас нөгчсөн, өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол УИХ-н дарга бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Мөн ерөнхийлөгч нь бүрэн эрхийн хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж болно гэж хуульчилсан гэж ойлгож болно.
-Үндсэн хуулийн 40.1-т Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байгаа. Бид 3 жилийн хугацаанд 3 сольсон гэдэг нь мөн үндсэн хуулиа зөрчсөн гэсэн үг үү?
Хуульч У.Пэрэнлэйжамц: -Монгол Улсын Үндсэн хуулийн 40.1-д Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж заасан. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 40.2-т Засгийн газрын бүрэн эрх шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болохыг, 43 дугаар зүйлд Засгийн газар огцрох болон огцруулах үндэслэл, журмыг тусгасан.
Тиймээс Засгийн газар гурван жилийн хугацаанд гурван удаа солигдсон гэх нь дангаараа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй. Засгийн газар бүр ямар үндэслэлээр огцорсон, шинэ Ерөнхий сайдыг томилсон ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэхийг тухайн бүрээр нь авч үзэх ёстой.
- Бид энэ хугацаанд 8 удаа Ерөнхийлөгчийн сонгууль хийжээ. 1993 оны 6 сарын 6-ны өдөр саналаа өгсөн бол 1997 онд нь 5 сарын 18-нд санал өгсөн байгаа юм. Тэгэхээр П.Очирбат ерөнхийлөгч 19 хоног бүрэн эрхээ дутуу хэрэгжүүлсэн гэсэн үг үү. 2017 оны 7 сарын 7-нд Х.Баттулга ерөнхийлөгч тодорсон байхад 2021 оны 6 сарын 9-нд У.Хүрэлсүх ерөнхийлөгч сонгогдсон. Бас л 29 хоног дутуу суусан болж таарна.
Хуульч У.Пэрэнлэйжамц: -Үндсэн хуулийн 32.1-д Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан. Тиймээс санал авах өдрүүдийн зөрүүгээр бүрэн эрхийн хугацааг шууд тооцохгүй.
1993 оны 6 дугаар сарын 6, 1997 оны 5 дугаар сарын 18-ны санал хураалтын өдрүүдийг харьцуулж П.Очирбат бүрэн эрхээ 19 хоног дутуу хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэсгүй. Тэрбээр 1993 оны 6 дугаар сарын 17-нд тангараг өргөж, дараагийн Ерөнхийлөгч 1997 оны 6 дугаар сарын 20-нд тангараг өргөсөн. Үүнтэй адил, 2017, 2021 оны санал хураалтын өдрийг харьцуулж бүрэн эрх хэд хоногоор дутуу эсвэл илүү байсан гэж шууд дүгнэх боломжгүй. Х.Баттулга 2017 оны 7 дугаар сарын 10-нд, У.Хүрэлсүх 2021 оны 6 дугаар сарын 25-нд тангараг өргөсөн.
Өөр өөр үеийн сонгуулийг харьцуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр байсан Үндсэн хууль, хууль болон шилжилтийн зохицуулалтыг хамтад нь харгалзах ёстой байдаг.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.