Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам /2026.11.28/ ашиглалтад орж, түүхий нүүрс хотын төвөөр тээвэрлэхгүй боллоо. Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний 5 сая гаруй тонн түүхий нүүрсийг энэ шинэ төмөр замаар тээвэрлэнэ.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, 2025 оны нэгдүгээр сард Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам барьж байгуулах зорилгоор ТЭЗҮ-ийг нь хийх үүрэг, даалгавар өгч байсан. Манай Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндий гэсэн мухар төмөр зам байж болохгүй гэж үзээд Эмээлт зөрлөгтэй холбох ажлыг шийдэж, гол төмөр замтай холбосон. Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Аюултай ачааг хотын төвөөр тээвэрлэдэг асуудлыг зогсоох ёстой. Эмээлтээс Толгойт хүртэл 17.4 км зам нь нүүрсний зам юм. Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдэж байна. Нийт 143 км төмөр замыг ТЭЗҮ-ийн тооцоогоор 555 сая ам.доллароор барьж байгуулсан нь олон улсын байгууллагуудын ижил төстэй төслүүдэд тооцсон өртгөөс бага юм. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өөрийн төсөв, бонд гаргах, Хөгжлийн банк болон арилжааны банкны зээлийн эх үүсвэрийг үе шаттайгаар ашигласан нь онцлог гэдгийг тодотгов.

Мөн Ерөнхий сайд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Шинэ өртөө–Толгойт) чиглэлийн төмөр замаар зүгшрүүлэлтийн тээврийг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.
Шинэ өртөө–Толгойт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2026 оны наймдугаар сард эхэлж, гурван сарын хугацаанд ашиглалтад орлоо. Бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан оролцож, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хуучин төмөр замын доод болон дээд бүтцийг буулган, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барьжээ. Тус төмөр зам нь III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Бүтээн байгуулалтын хүрээнд 1.07 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, 179.2 урт метр гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх таван хоолой барьж байгуулжээ.
Нийслэлийн төвөөр 2024 онд 34 нэр төрлийн 2.48 сая орчим тонн аюултай ачаа тээвэрлэжээ. Үүний тал орчим хувийг дизель түлш, гуравны нэгээс илүүг бензин эзэлж байна. Мөн сар бүр Улаанбаатар, Толгойт өртөөнд 400–500 вагон 5–10 хоногоор зогсож, хотын иргэдийн аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж ирсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын дундуурх төмөр замаар жилд 6.3 сая тонн түүхий нүүрс тээвэрлэгддэг. Үүнээс ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Налайхын ДЦС нийт 41 зууханд жилд 5.8 сая гаруй тонн нүүрсний хэрэглээтэй байна. Шинэ төмөр зам нь Улаанбаатар хот дундуур төмөр замаар тээвэрлэдэг аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа, нүүрс тээврийн хөдөлгөөнийг зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замаар өнгөрөгч аравдугаар сарын 11-ний өдөр анхны галт тэргийг аялуулж байсан юм. Үндсэн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд дөрвөн өртөө, гурван зөрлөг, найман байршилд нийт 1,279.1 метр урт гүүрэн байгууламж барьсан. Түүнчлэн 33 метр гүн ухмал, Туул гол дээгүүрх 476 метр урт гүүр, 22 метр өндөр төмөр замын гүүр, Эмээлтийн хоёр түвшний нүхэн гарц зэрэг инженерийн онцлох байгууламжуудыг барьж байгуулсан юм.
Улаанбаатар хотын төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг 25 минут хаадаг. Төслийн тооцооллоор ачаа тээврийн урсгалыг шинэ төмөр замд үе шаттай шилжүүлснээр гармын хаах хугацааг 90 хүртэл хувиар бууруулах, төмөр зам, авто замын дөрвөн гол огтлолцол, 14 салаа, салбар замын гармын ачааллыг багасгах боломжтой. Ашиглалтын эхний жилд 20 сая тонн, цаашид жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэнэ. Хоногт 1,800 хүртэлх том оврын ачааны автомашин нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцохгүй, 34 нэр төрлийн 2.5 сая орчим тонн аюултай ачаа нийслэлийн төвөөр нэвтрэхгүй болж байна. Хотын төвд байрлах ачаа тээврийн 13 терминалыг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөгдөх газрыг нийтийн зориулалтаар ашиглах, 15 жилийн хугацаанд улсын төсөвт 442.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Төмөр замын 87.8 дугаар километрт олон төрөлт ачаа тээврийн нэгдсэн терминал, 102 дугаар километрт аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.