
Оросын нүүрсний экспортод тээврийн зардал, импортын татвар болон өрсөлдөөн хүчтэй дарамт болж, Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ энэ оны эхний найман сард 10.8 хувиар буурчээ. Харин Монголын Хятад руу гаргах нүүрсний экспорт 48.9 хувиар өссөн байна.
Оросын нүүрсний Хятад дахь зах зээлд эзлэх байр суурь суларсаар байна. Украины Гадаад тагнуулын албаны мэдээлснээр, 2026 оны эхний найман сард Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар буурч, 53.15 сая тонн болжээ. Энэ хугацаанд Монгол Улсаас Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 48.9 хувиар өсөж, 78.39 сая тоннд хүрсэн байна. Индонези улс 121 сая тонн нүүрс Хятадад нийлүүлж, Хятад нийтдээ 310 сая тонн нүүрс импортолжээ.
Оросын нүүрсний өрсөлдөх чадварт нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг нь Хятадын импортын татвар юм. Оросын нүүрсэнд 3-6 хувийн импортын татвар ногддог бол Монголын нүүрс хоёр улсын хил залгаа байдлаас гадна импортын татваргүй нөхцөлөөр Хятадын зах зээлд орж байна. Австрали, Индонезийн нүүрс мөн чөлөөт худалдааны зохицуулалтын хүрээнд татваргүй импортлогддог.
Оросын үйлдвэрлэгчид зах зээлээ хадгалахын тулд нүүрсний үнэд ойролцоогоор 10 хувийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн ч цаашид үнийг бууруулах нь экспортлогчдыг ашиггүй ажиллахад хүргэж болзошгүй байна.
Үүн дээр тээврийн зардлын өсөлт нэмэгдэж байгаа юм. ОХУ-ын Восточный боомтоос Хятад руу нүүрс тээвэрлэх зардал 2026 оны эхнээс есдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд 45.5 хувиар өссөн байна. Мөн Оросын төмөр замын тариф аравдугаар сард дахин нэмэгдэж, задгай ачааны вагон ашиглах эрэлт өссөнөөр тээврийн зардал улам нэмэгджээ.
Туркийн зах зээлд ч Оросын нүүрсний экспорт буурчээ
Оросын нүүрсний экспортын бууралт зөвхөн Хятадаар хязгаарлагдсангүй. 2026 оны эхний долоон сард Оросоос Турк руу нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 30 хувиар буурсан бөгөөд долдугаар сард Турк руу Оросын коксжих нүүрсний нийлүүлэлт бүртгэгдээгүй байна. Туркийн нийт нүүрсний импорт ч мөн буурсан байна. Өөр эх сурвалжийн мэдээллээр, Турк 2026 оны эхний долоон сард нийт 21.3 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ хугацаанд Оросын нийлүүлэлт 14.1 сая тонн болж, мөн 25 хувиар буурчээ.
Хар тэнгисийн эрсдэл тээврийн зардлыг өсгөв
Оросын нүүрсний өмнөд боомтуудаар дамжих экспортод Хар тэнгисийн аюулгүй байдлын нөхцөл байдал мөн сөргөөр нөлөөлж байна.
Новороссийск руу чиглэсэн худалдааны хөлөг онгоцнуудад Украины дроны халдлага нэмэгдсэнээр тээврийн компаниудын эрсдэлийн зардал өсжээ. Нүүрс тээвэрлэдэг олон арван хөлөг онгоц тус бүсээс гарсан буюу үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд задгай ачааны хөлөг онгоцны хүртээмж ганц сарын дотор 21 хувиар буурсан байна.
Мөн наймдугаар сарын эхээр тус чиглэлд тээврийн үнэ дөрөв дахин хүртэл өсөж, дайны эрсдэлийн даатгалын шимтгэл үндсэн тээврийн үнээс хоёр, гурав дахин өндөр болсон байна.
Ийнхүү Орос нүүрсний үнээ бууруулж, гол зах зээлүүдээ хадгалахыг оролдож байгаа ч тээврийн зардал, импортын татвар болон Монгол, Индонез зэрэг нийлүүлэгчдийн өрсөлдөөнөөс шалтгаалан Хятадын зах зээл дэх байр суурь нь суларсаар байна.
Н.УКА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.