Годрон өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг буруутай этгээдээр ТӨЛҮҮЛНЭ гэв
 

Годрон өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг буруутай этгээдээр ТӨЛҮҮЛНЭ гэв

Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.

Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна. Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.

Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл юм.

Хяналт шалгалтаар мэргэжлийн байгууллагын заавар, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн нь тогтоогдвол холбогдох удирдлага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох ёстой. Хорио цээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл ойшоох нь хуулийн хариуцлага хүлээлгэх үйлдэл юм.

Зориудаар устгасан малын нөхөн төлбөр, өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг хуульд нийцүүлэн өвчин гарах нөхцөл бүрдүүлсэн этгээд эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдвол устгалын нөхөн төлбөр, учруулсан хохирлыг буруутай этгээдээр хуульд заасан журмын дагуу төлүүлэх. Ингэснээр өвчний улмаас малаа устгуулсан малчин, иргэдийн хохирлыг барагдуулж, буруутай этгээдийн хариуцлагыг тодорхой болгоно. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийг шалгуулж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авна.

Малчид, мал бүхий иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, малаа бусад сүрэгт нийлүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхааруулж байна. Үржлийн мал худалдан авах, тээвэрлэхдээ гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээг заавал шаардаж, шинэ малаа сүрэгт нийлүүлэхээс өмнө малын эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

ХУУЛЬ |  Монголын багш нарын 60 дахь өдөр
ХУУЛЬ | Монголын багш нарын 60 дахь өдөр
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.05
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.05
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.