ХУУЛЬ | Монголын багш нарын 60 дахь өдөр
 

ХУУЛЬ | Монголын багш нарын 60 дахь өдөр

Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь энэ өдөр тохиож байна. Монгол Улсад багшийн эрх, нийгмийн баталгааг хэд хэдэн хууль Засгийн газрын журмаар тусгайлан хамгаалсан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хууль, нэмэгдэл цалин урамшууллын мэдээллийг нэгтгэн хүргэе.

1. Багшид 33 өдрийн нэмэгдэл амралт олгоно

Боловсролын ерөнхий хуулийн 13.3.1-д багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгохоор заасан.

Өөрөөр хэлбэл энэ нь ердийн ээлжийн амралтаас тусдаа, багшийн ажлын онцлогт үндэслэсэн нэмэлт баталгаа юм.

2. Хөдөө, алслагдсан нутагт ажилладаг багшид нэмэлт дэмжлэг

Нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшуулал болон бусад дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгайлан заасан.

Ялангуяа сум, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багш болон жагсаалтад орсон бусад ажилтанд эхний тав дахь жилд нэг удаа, дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж улсын төсвөөс олгоно.

3. Тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж

Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй.

Одоогийн журамд уг тусламжийг тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцох бөгөөд нийт төрийн албанд ажилласан жилтэй уялдуулна. Дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж заажээ.

4. 15-аас доошгүй жил ажилласан багшийн нэг хүүхдэд сургалтын дэмжлэг

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зохицуулалт бий.

Энэ нь зөвхөн хуульд заасан шалгуур хангасан төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын ажилтанд хамаарна.

5. Орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх үүрэгтэй

Боловсролын ерөнхий хуулийн 13.4-т багш, ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж шууд заасан.

6. Багш сургалтын хэрэгслээ өөрөө заавал санхүүжүүлэх ёсгүй

Боловсролын ерөнхий хуулиар бүх шатны боловсролын байгууллага нь багшийг сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангах үүрэгтэй.

Тиймээс сургалтын үндсэн хэрэгцээтэй холбоотой зардлыг бүхэлд нь багшийн хувийн зардалд шилжүүлэх нь хуулийн энэ зарчимтай нийцэхгүй байж болно.

7. Ажлын гүйцэтгэлд суурилсан нэмэлт урамшуулал бий

2024 оны Засгийн газрын 25 дугаар тогтоолоор баталсан журмаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшид ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээнд үндэслэн улирал тутам нэмэлт урамшуулал олгоно.

Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн үнэлгээний түвшнээс хамаарч сарын үндсэн цалинд тооцох урамшуулал:

Үнэлгээний түвшин Нэмэлт урамшуулал
I түвшин 40%
II түвшин 25%
III түвшин 20%
IV түвшин 15%

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэрэг тогтоогдсон багшид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох зохицуулалт байна. ЕБС-ийн багшийн хувьд I зэрэгт 20%, II зэрэгт 15%-ийн нэмэгдэл тооцохоор журамд тусгасан байна.

8. Багшийн нэр төр, аюулгүй байдлыг хуулиар хамгаалсан

Багш эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд ажиллах, ажил үүрэгтээ тохирсон цалин авах эрхтэй. Мөн жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй.

Төрийн үйлчилгээний албан хаагч багшид Төрийн албаны тухай хуулийн нийтлэг баталгаа мөн хамаарна. Үүнд албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбоотой хүчирхийлэл, заналхийлэл, доромжлол, гүтгэлэг болон бусад хууль бус үйлдлээс байгууллага, цагдаагийн байгууллагаар хамгаалуулах баталгаа багтдаг.

9. Багшийг хуульд байхгүй ажил үүргээр дарамтлахыг хориглосон

Боловсролын ерөнхий хуулийн 13.9-д боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг багшаар гүйцэтгүүлэхийг хориглосон байдаг.

Энэ нь багшийг үндсэн ажилтай нь холбоогүй бичиг цаас, зохион байгуулалтын болон бусад ажлыг нэмж үүрүүлэхээс хамгаалах эрх зүйн үндэс аж.

10. Эцэг, эх, суралцагч багшийн нэр төрд халдах ёсгүй

Эцэг, эх, асран хамгаалагч нь багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй, хүндэтгэлтэй харилцах үүрэгтэй. Суралцагч ч мөн багш, ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, бусдыг дарамтлах, доромжлох, нэр төрийг гутаахгүй байх үүрэгтэй.

Үүнээс гадна боловсролын байгууллагад багшийн ёс зүйн зөвлөл, холбогдох түвшинд багшийн ёс зүйн хороо ажиллахаар хуульчилсан байдаг.

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 сумын нутагт гарчээ
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 сумын нутагт гарчээ
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.05
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.05
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.