
Нам нь эв нэгдэлгүй, Засгийн газар нь гацаатай, Ерөнхий сайд нь шийдвэрийнхээ жинг өөрөө үүрч чадаж байна уу?
Н.Учрал Ерөнхий сайд болоод удаагүй байна. Гэхдээ Монголын улс төрд өнөөдөр нэг л асуулт чанга сонсогдож эхэллээ. Ерөнхий сайд болсон нь нэг хэрэг. Харин Ерөнхий сайд шиг засаглаж чадаж байна уу?
Н.Учралын улс төрийн замнал богино байсангүй. Тэр 2026 оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын 107 гишүүнээс 88-ын саналаар Ерөнхий сайдаар томилогдсон. Гэвч томилогдсон саналын тоо улс төрийн чадамжийн хэмжүүр биш.
Өнөөдөр харж байгаа дүр зураг бүр ч ноцтой.
Эрх баригч намын дотор эв нэгдэл гэхээсээ илүү бүлэглэл, талцал, хэн нь хэнийгээ давах вэ гэсэн улс төрийн тооцоо давамгайлж байна гэх шүүмжлэл улам хүчтэй болж байна. Өчигдөр УИХ-ын чуулганы ирц хүрээгүйгээс Хууль зүйн сайдын томилгоо гацаад, МАН-ын доторх тодорхой бүлэг гишүүд ирцээ бүртгүүлээгүй талаар мэдээлэгдлээ.
Намынхаа гишүүдийг нэг ширээний ард суулгаж чадахгүй Ерөнхий сайд улс орны том асуудлуудыг яаж нэгтгэх вэ.
Н.Учралын хамгийн том сорилт нь сөрөг хүчин биш. Өөрийнх нь нам болоод байна.
Намын дарга хүн намынхаа дотоод зөрчлийг зохицуулж чадахгүй бол Ерөнхий сайд хүн төрийн зөрчлийг яаж зохицуулах вэ.
Крантай байж болно. Гэхдээ жолооч нь чадвартай байх ёстой
Улс төрд хэн нэгний дэмжлэгээр дээш гарч болно. Албан тушаалд хэн нэгний тохироогоор очиж болно. Гэхдээ төрийн жолоог барьсан хойно өөрийнхөө шийдвэрийг өөрөө хамгаалж, өөрөө хариуцлага хүлээхээс өөр зам байхгүй.
"Кранаар өргөгдсөн” гэдэг нь энд улс төрийн зүйрлэл. Өргөсөн хүн чинь нэг өдөр кранаа татна.
Тэгэхэд өөрийн гэсэн улс төрийн суурь, өөрийн гэсэн шийдвэр, өөрийн гэсэн баг, өөрийн гэсэн хариуцлага үлдэх ёстой. Хэрэв энэ бүхэн байхгүй бол өндөр албан тушаал гэдэг зүгээр л өндөр сандал.
Өнөөдөр Н.Учралын өмнө яг энэ шалгуур тавигдаж байна. Тэр технологи, төрийн шинэчлэл, төсвийн хэмнэлт ярьж байна.
Тэгээд амьдралд юу өөрчлөгдөв?
Төрийн аппарат цомхотгосон уу?
Томилгоо мэргэжлийн болсон уу?
Хариуцлага дээшилсэн үү?
Үнэ буурсан уу?
Төрийн үйлчилгээ үнэхээр хурдсав уу?
Эсвэл бид дахиад л “шинэ засаг”, “шинэчлэл”, “хурд”, “цахим шилжилт” гэсэн гоё үгсийг сонсоод сууж байх уу.
Чалх гэдэг нь хүчтэй дуугарахыг хэлдэггүй
Чалх гэдэг нь камерын өмнө итгэлтэй харагдахыг хэлэхгүй. Чалх гэдэг нь өөрийн хүнээ хамгаалах биш буруу хүнийг зайлуулах, өөрийн намынхаа дарамтад орох биш, зөв шийдвэр дээрээ зогсох, албан тушаал тараах биш, чадвартай хүнээр төрийг ажиллуулах, алдаагаа нуух биш, хариуцлага хүлээх.
Ерөнхий сайд гэдэг бол намын даргын дараагийн шатны цол биш. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн.
Тиймээс Н.Учралд одоо нэр, нас, албан тушаал гурав хангалтгүй. Өөрийнхөө улс төрийн жинг харуулах цаг нь болсон.
Кранаар өргөгдсөн бол кранаас буусныхаа дараа ч өөрөө зогсож чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй. Харин чадахгүй бол Монголын улс төрд нэгэн шинэ хоч үлдэж мэднэ.
Н.СҮРЭН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.