Татвар төлөгчдийн 80 тэрбумыг Н.Учрал ч, Х.Нямбаатар ч төлөхгүй
 

Татвар төлөгчдийн 80 тэрбумыг Н.Учрал ч, Х.Нямбаатар ч төлөхгүй

Туулын хурдны зам гэх сэдэв өнгөрсөн жилээс эхлэн энэ хавар хүртэл Монголын улс төрийн халуун талцал, хуваагдлын цэг байлаа. Энэ төслийг зүтгүүлж байсан хотын дарга асан Х.Нямбаатар эдүгээ алс холын Канадаас улс төрийн хонзогнолоо тайлж элдэв рийлс, бичлэг цацаж байгаа бол төслийг зогсоосон гэгдэх Н.Учрал нар албан тушаалаар өөрсдийгөө хүрээлүүлэн ажлаа хийгээд явж байна. Эг маггүй их улстөржилт, хэвлэлийн дайны золиос болсон Туулын хурдны замын асуудал одоо хэрхэж байгаа вэ? Цаашид яах вэ? Ямар ч байсан нэг намын ах, дүүсийн хоорондын улс төрийн талцал, зодооноос болж зөв, бурууг нь ч шүүмжлэхэд хүндрэлтэй болж хувирсан энэхүү хурдны замын төсөл зогсонги байдалд орсон. Үр дүнд нь улс, татвар төлөгчид халааснаасаа 80 тэрбум төгрөг гаргаж өгөх өртэй үлдэв.

Учир нь төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан БНХАУ-ын компани “Бид гэрээнд хүлээсэн үүргээ ухамсарлах ёстой. Төр засгийн ойлгомжгүй шийдвэрээс болж бид сул зогссон ажлын хөлсөнд 80 тэрбум төгрөг нэхэмжлэх болно” гэжээ. Энэ мөнгийг хоёр хуваагдаж улс төржилт, хэрүүлийн алим, жимс шидэлцсэн Н.Учрал, Х.Нямбаатар хоёр лав төлөхгүй. Дахиад л татвар төлөгчдийн нуруун дээр ачаа ирж, бидний ажилласан хөдөлмөрийн хөлс хүчийг сорж цуглуулсан татварын мөнгөөр цайруулж таарна.

Туулын замыг улс төржүүлэх болсон шалтгаан

Хотын дарга Х.Нямбаатар бол улс төрийн дэлгэцэнд тодорсон Н.Учралын “хүсээгүй” дарга. УИХ дахь МАН-ын гишүүд 30:38-аараа хуваагдсан хагарлын толгой цохих нэрс бол энэ хоёр. Тиймдээ ч Г.Занданшатарын дүлэгнээд түлхэж чадахгүй байсан албан тушаалтан Хотын дарга Х.Нямбаатарыг Н.Учрал Ерөнхий сайд болоод нэг их удалгүй махны үнэ, Туулын хурдны замын санхүүжилтыг завшсан гэхчлэнгээр шалтаглаж зайлуулж орхив. Ингээд улсын төсвөөс 500 тэрбумын нэгдүгээр санхүүжилттэй, нийт 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий Туулын хурдны замын ажлыг хэсэг зогсоох болсон юм.

Х.Нямбаатар Туулын хурдны замын талаар “Энэ төсөл бол 2013 онд Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан ажил. Тэр үеийн УИХ буюу 2014 оны парламент энэ төслийн ТЭЗҮ-г холбогдох төрийн байгууллагуудаар батлуулаад хожим, 2020 оны их хурлаар 106 дугаар тогтоол гарч төслийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. 2024 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар зураг төслийг шинэчлэх ажил эхэлсэн. Энэ бол УИХ-аас хэрэгжүүл гэж засаг захиргааны нэгжийн үүрэг өгдөг бүтэц болох Хотод өгсөн парламентын чиглэл” гэж тайлбарладаг.

Харин иргэд, олон нийт болон сөрөг хүчин, одоогийн 38-ын гэгдэх зарим улстөрчдийн зүгээс “Туулын хурдны замын байгаль орчны үнэлгээг зориудаар өөрчилсөн, голын голдирол, урсац, байгалийн тогтоцыг сүйтгэх аюултай. Зарим хэсэг буюу 1,2 км орчим зурваст Туул голын урсгалыг боож байгаад барилгын ажил гүйцэтгэвэл голын ай савын тогтоцод сөрөг нөлөөтэй” хэмээн хүчтэй шүүмжилж, хэд хэдэн удаагийн жагсаал зохион байгуулагдахын сацуу иргэний нийгмийн төлөөллүүд “Save Tuul” нэртэй аян хүртэл зарлаж байлаа. Харин олон нийтийн дунд зарим нь “Түгжрэлээсээ салъя гэвэл хотыг тойруулсан хурдны замууд барих ёстой. Заавал Туул голыг сүйтгэхгүйгээр энэ замыг барьж Яармагийн түгжрэлийн ачааллыг хуваалцах хэрэгтэй” гэсэн байр суурь ч цөөнгүй байлаа.

Гэхдээ эсэргүүцлийн үндэслэлийг зарим нэг тохиолдолд зөвтгөж болно. Учир нь Туулын хурдны замын гүйцэтгэгч “ХАО ЮАНЬ ЖЕНЕРАЛ КОНСТРАКШН”, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Одбаяр, БОУАӨЯ ерөнхий шинжээч Г.Энхмөнх нарын бтаалсан “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд ноцтой гэмээр хэд, хэдэн анхааруулгыг үл ойшоосон асуудал яригддаг.

Тухайлбал, УИХ-ын дэргэдэх Төсвийн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний мэдээлэлд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай төслийн түүхийг дараах байдлаар тайлбарладаг.

-Туул голын хурдны замын талбайн солбицлыг баталсан.

-Батлагдсан зурваст зориулалтын бус газар шинээр олгохгүй байх;

-Барилгын ажил эхлүүлэхгүй байх;

-Газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасан.

-Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг “Гудамж” төслөөс санхүүжүүлэхийг зөвшөөрсөн гэж үндэслэл гарган тайлбарласан.

Зардал ашгаа нөхөж чадахгүй

Тэгвэл уг төслийг шүүмжилдэг иргэдийн зарим байр суурийг тоймолбол: Туулын хурдны замыг 2,3 их наядаар барих нь хэтийдсэн үнэ. Учир нь, 600 грауй км авто зам барих үнээр 32 км-ийн хурдны зам барих нь хэт их зардалтай, мөн түгжрэлд бодит үр дүн үзүүлж чадах эсэх нь тэр хэрээр эрсдэлтэй гэсэн байр суурь зонхилж байв. Зургаан эгнээ, 32 км үргэлжлэх уг замын байгууламжийг тойрсон маргаан ямартаа ч эсэргүүцэгчдийн “ялалтаар” өндөрлөв. Үүнд, төслийг хэрэгжүүлэгчид болон эсэргүүцэгчид уг төслийг анхлан хэрэгжүүлэх чиглэл өгсөн УИХ-ын аль нэг албан тушаалтныг буруутгасангүй. Гагцхүү, зураг төсөл, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гүйцэд гараагүй байхад барилга, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн экс хотын дарга Х.Нямбаатар, орлогч асан Т.Даваадалай нарыг шүүмжилж байсан юм. Асар их хэл ам, талцал хуваагдлын шалтгаан болсон Туулын хурдны зам одоогийн байдлаар трасс, зураг төслөө “бага зэрэг” өөрчлөөд баригдах болсныг одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва хэлдэг. Тэгвэл бүтэн жил гаруй өрнөсөн энэ их маргаанаас үүдэлтэй санхүүгийн хохирол болох 80 тэрбум төгрөгийн алдагдлын төлбөрийг татвар төлөгчдийн халааснаас барагдуулах нь “бараг л” тодорхой. Энэ мөнгийг Ерөнхий сайд Н.Учрал ч, Канадад сурч байгаа экс мээр Х.Нямбаатар ч төлөхгүй. Юу үнэн энэ үнэн.

Т.Бат

Х.Баттулга, Г.Занданшатар 2-ын шоу өнөөдөр Монголбанкыг их наядын алдагдалд хүргэсэн
Х.Баттулга, Г.Занданшатар 2-ын шоу өнөөдөр Монголбанкыг их наядын алдагдалд хүргэсэн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.