
Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн баг хурлын үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл Оюутолгойн ногдол ашиг болон түүнийг тойрсон асуудлуудтай холбоотой дараах зүйлсийг ярилаа.
Тэрбээр, "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий. Тэр дундаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудал байна. Оюутолгойн ногдол ашгийн цаана олон асуултын тэмдэг бий. Тухайлбал, Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг эхлээд нягтлах нь чухал. Тиймээс уг мөнгийг ногдол ашиг мөн эсэх, жил бүр ногдол ашгийг өгнө гэдэг нь тодорхойгүй байгаа тул эхлээд энэ асуудлыг эцэслэн тодорхой болгох ёстой. Хэрэв ногдол ашиг тараах нь нэг удаагийнх юм бол нөгөө талд нь нэг зүйлийг авахаар тохирсон байж таарна.
Үүний цаана орд наймаалцах асуудал явж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар Рио Тинто групптэй хийсэн гэрээгээ ил болго. Өнөөдрийн байдлаар Рио Тинто групп Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд тараах асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг авлигажсан төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байсныг Ардчилсан нам зогсоож чадсан нь сайшаалтай. Хоёрдугаарт. Сүүлийн үед төрийн тэргүүний хөрөнгө орлогын асуудалтай холбоотой мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Тиймээс үүсээд байгаа асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч болон хуулийн байгууллагууд хариулт өгч, олон түмний эргэлзээг тайлах шаардлагатай байна. Тэгэхгүй бол үүний цаана иргэдийн төрд итгэх итгэл алдрах эрсдэлтэй. Түүнчлэн хуулиараа Төрийн тэргүүн тайлангаа УИХ-д тайлагнах ёстой. Энэ нь 126 гишүүний өмнө бус ард түмний өмнө тайлангаа тавьж байна гэсэн үг" хэмээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.