/2025.01.30/
Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Заяабал, О.Номинчимэг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 40 орчим хүн оролцлоо.
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Р.Батболд энэ удаагийн хэлэлцүүлгийг даргалсан.
Тэрбээр хэлэлцүүлгийг нээж, хэлсэн үгэндээ, ажлын хэсэг татварын хуулиудын хэрэгжилт, үр дүнд дүнд шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, зөрчилд иргэн, аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын санал, судлагааг сонсох замаар хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих боломжгүй хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах шударга, тэгш зарчмын хүрээнд татварын таатай орчныг бий болгох зорилготой ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын татварын тогтолцоо 1990 оноос хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үеийн нөхцөл шаардлагаас хамаарч Засгийн газраас татварын бодлого, шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах хугацааг тодорхой болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, энэ харилцааг боловсронгуй болгох, зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах зэрэг зарчмын нэлээдгүй өөрчлөлтийг хуульчилсан. Гэсэн хэдий ч хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд таатай бус үр дүнгүй байгаа талаар холбогдох судалгаа болон иргэд, аж ахуйн нэгжүүдээс гаргаж буй санал гомдолд дурдагдсаар байгаа тул энэ удаагийн хэлэлцүүлгийг хийж буйг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд онцолсон.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр тавьсан. Илтгэлийн агуулга хуулийн хэрэгжилт, цаашид баримтлах бодлогод чиглэсэн байв. Тэрбээр илтгэлдээ, 2019 онд уг хуулийг шинэчилсэн найруулга хийснийг дурдаад Монгол Улс 2007 он хүртэл эл татвар өндөр шатлалтай байсан. Бид 4/10 системийн тогтолцоо руу шилжсэнээс хойш 10 гэсэн суурь татварын хувь хэмжээтэй болсон гэв.
Мөн 10 хувийн татварыг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөрт тооцогдохгүй гээд одоогийн байдлаар хуулийн хүрээнд нийт 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлтийг үзүүлж байна гэж байлаа. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
ХХОАТ-тай холбоотой хамгийн гол асуудал нь хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн татварыг хэрхэн, яаж тайлагнуулах вэ гэдэгт байдаг. Иймд салбарын яамнаас урт хугацаандаа бүх нийтээрээ татвараа тайлагнадаг, төлдөг тогтолцоо руу захиргааны бус эдийн засгийн хөшүүргийн аргаар шилжүүлэхээр ажиллаж байна. Хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бага орлоготой иргэдийн хувьд шаталсан хэлбэрээр тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Харин бизнесийн орлоготой иргэд хялбаршуулсан горимд хамрагдаад нэг хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн. Эл татвараас тэтгэвэрт гарсан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөлөгддөгийг илтгэгч онцолж байлаа.
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар нийт 36 мянган иргэн, 52 мянган аж ахуйн нэгжээс 120 гаруй мянган санал ирүүлээд байгаа аж. Уг саналд татварын шатлалын хувь хэмжээг бууруулахыг илүүтэй тусгасан бөгөөд Сангийн яамнаас одоо хэрэгжиж буй хөнгөлөлт, чөлөөлөлтөд дүн шинжилгээ хийж, оновчтой, хүртээмжтэй болгоход чиглүүлэх, татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй, зайлсхийдэг иргэдийг хамруулахад анхаарах бодлогыг баримтлах юм байна.
Үргэлжлүүлэн Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан.
Татварын байгууллагад 2,505.854 татвар төлөгч бүртгэлтэй байдгаас Монгол Улсын иргэн 2,464.854, гадаад иргэн 41.000 байна. Татвар төлөгчийн тоо 2014-2019 онд 126.6, 2019-2023 онд 19.2, 2023-2024 онд 8.6 хувиар тус тус өссөн талаар илтгэлд дурдсан байлаа.
ХАОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд 2023 оны байдлаар 5,193.644 иргэн хамрагдаж байна. Чөлөөлөлт гэдэг нь татвар ногдох орлогоос нь чөлөөлдөг тул чөлөөлөгдсөн орлогын дүн 445,4 тэрбум төгрөг байна. 2023 оны жилийн эцсээр 1,033.396 иргэн хөнгөлөлтөд хамрагдаж, 194.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Мөн 2023 оны байдлаар хувь хүний орлогын бүрдүүлэлт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувь, Монгол Улсын нийт орлого, зээл тусламжийн дүнд эзлэх хувь нь 8.3, татварын байгууллагын орлогод эзлэх хувь 9.6 байна гэж байв.
Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, сэдвийн хүрээнд оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Оролцогчид хувь хүний орлогын албан татварт орон сууц түрээслэгчдийг хамруулахад арга хэмжээ авч буй эсэх, цалин хөлс зэрэг идэвхтэй орлогоос татвар бага, түрээс зэрэг идэвхгүй орлогоос өндөр татвар авдаг олоун улсын жишиг монголд эсрэгээрээ үйлчилж буйд шинэчлэл хийх, эсэх, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг татвараас чөлөөлж хүрээг өргөжүүлэх боломжтой талаар тодруулж байлаа.
Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, Иргэдийн зүгээс би байраа түрээслээгүй, хамаатан садангийн хүн сууж байгаа гэсэн тайлбаруудыг их ирүүлдэг тул орон сууц түрээслэгчдийг татварт хамруулахад хүндрэл үүсдэг. Татварын байгууллагаас хоёроос дээш орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, үл хөдлөх хөрөнгийн татварыг ногдуулах ажлыг хийж байгаа хэмээн хариулсан. Мөн хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан иргэдийг татварын хөнгөлөлтөд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг татвараас чөлөөлдөг хүрээг тэлэх асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын газрынхантай уулзалт хийж, санал солилцож байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.