Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай
Шуурхай мэдээ
 

Засгийн газар, УИХ-ын гишүүдийн 50 орчим хувь нь хурдан удмын адуутай

Гэрэл зургийн эх сурвалж: ХЭҮК

-ХЭҮК-т ирсэн албан мэдээллээр хаврын морин уралдааны үеэр
46 хүүхэд амь насаа алдсан-

/2025.1.30/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газраас Л.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Засгийн газрын 57 дугаар тогтоолыг өчигдөр хүчингүй болголоо.

Хүчингүй болсон 57 дугаар тогтоол нь 2019 онд батлагдсан бөгөөд тогтоолд жил бүрийн 11-5 дугаар сар хүртэл хурдан морь уралдуулахыг хориглосон юм.

Харин өчигдрийн Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 1-ний өдрөөс морь уралдуулахыг зөвшөөрлөө.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ
ХУРДАН УДМЫН АДУУТАЙ

Засгийн газраас яагаад ийм шийд гаргах болов? Засгийн газрын гишүүд яагаад үүнийг дуугүй хүлээн зөвшөөрөв гэдэгт хариулт олохыг хичээцгээе.

Монгол Улсын Засгийн газар 22 сайдтай. Тэдгээрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдсанаар тэдгээрийн 50 хувь нь буюу 11 нь хурдан удмын адуутай.

  1. Ж.Батсуурь
  2. Б.Батцэцэг
  3. Л.Гантөмөр
  4. Б.Жавхлан
  5. Ц.Туваан
  6. Н.Учрал
  7. Б.Чойжилсүрэн
  8. Э.Одбаяр
  9. С.Бямбацогт
  10. Ц.Баатархүү
  11. Б.Дэлгэрсайхан

Тэгэхээр танхимын гишүүдийнх нь тал нь хурдан удмын адуутай учир энэ Засгийн газар хурдан морины уралдааны талаарх шийдвэр гаргах нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд дараах байдлаар заасан.

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Үндсэн хуулийн цэцэд өгч, маргаан үүсгэхээ илэрхийлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН НЬ 40 ГАРУЙ ХУВЬ НЬ
ХУРДАН УДМЫН АДУУТАЙ

Улсын Их Хурал 126 гишүүнтэйгээс 22 нь Засгийн газрын гишүүн. Мөн 57 нь адуутай, эдгээрийн 40 гаруй нь “Хурдан удмын адуу” ажээ. Тухайлбал, Ц.Баатархүү (146), М.Бадамсүрэн (24), Ж.Бат-Эрдэнэ (64), Ц.Идэрбат (20), Э.Одбаяр (50), Ө.Шижир (5), Л.Энхнасан (25), П.Ганзориг (50), З.Мэндсайхан (25) хурдан удмын адуутай.

Ингээд харвал Улсын Их Хурал нь “халааслагдсан”, үг дуугарч чадахгүй болсон, мөн ашиг сонирхлын зөрчилтэй болох нь харагдаж байна. Тийм ч учир 126 гишүүнээс 10 хүрэхгүй гишүүн л Засгийн газрын шийдвэрийг шүүмжилж байгаа юм.

Цаашлаад харвал Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан:

2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэх заалтыг хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.

ХУРДАН МОРИНЫ НУРУУН ДЭЭР СУУЖ ЯВАА ХҮҮХДЭД
ГУРАВДУГААР САР ТИЙМ ДУЛААХАН УУ?

Гуравдугаар сарын дундаж агаарын температур -4 градусаас -12 градус хүрдэг. Хаврын морин уралдаанд уралдааны замын урт дараах байдалтай.

“Морьд эхлээд 65-70 км/цагийн хурдтай давхидаг. Үүнийгээ эхний 3-4 км-т яг барьдаг юм. Тэгээд дөрөв, тав, зургаа дахь км-т 60 орчим, найман км-ээс 50 болж буураад бариан дээр 30-40 км/цагийн хурдтай ордог” гэж Хурдан морины даамал асан Д.Самданжамц ярилцлагадаа дурьдсан байдаг.

Тэгэхээр хүүхдүүд -10 градусын хүйтэнд дунджаар 50км/цагийн хурдтай давхих адууг хүүхдүүд унаж уяачдыг баясгах нь.

Дараах графикаас харвал салхины хурд 10км/ц байх үед -10 градусын хүйтэн нь хүнд -15 градус болж мэдрэгддэг байна.


Энэ тохиолдолд 30 минутад хөлдөж эхэлнэ.

Хүний эрхийн Үндэсний комисс болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаанд оролцсон хүүхдүүд улирлаар

  • 71.6 хувь нь хаврын улирлыг бэртэл гэмтэл хамгийн их гардаг,
  • 81.6 хувь нь хамгийн хэцүү улирлаар өвөл цастайд гэж хариулжээ.

Энэ судалгааг ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хийсэн бөгөөд хурдан морины уралдаанч хүүхэд, багш, сургуулийн нийгмийн ажилтан, уяач, эцэг эх, асран хамгаалагчид болон жирийн иргэд зэрэг нийт 798 хүнийг хамран зохион байгуулжээ.

Хүүхэд мориноос унахдаа толгойгоороо газар харуулдан ихэвчлэн унадаг тул тархи болон дээд мөчдийн гэмтэл хамгийн их авдаг байна. Мөн яс хугарах, хөлдөх, хайрагдах нь хаврын уралдаанд түгээмэл тохиолддог.

“Хаврын уралдааны үед хүүхдэд дагжилт чичрүүдэс бий болж, арьс нь улайж хавдан, час час хийсэн мэдрэмж төрж, өвдөлт үүсдэг. Мөн хөл гар даарснаас мэдээ алдан бадайрах, хөл гар, тавхай загатнах, өвдөх, хавдах болон цэврүү үүсэх шинж тэмдэг илэрнэ. Арьсны өнгө эхэндээ улаан байснаа гэмтэл даамжрах тутам хөх, ягаан өнгөтэй болж хүнд тохиолдолд үхжил үүсэх аюултай. Хамгийн түрүүнд чих, хамар өртөнө” гэж дээрх судалгаанд дурьджээ.

Мөн хүүхдийн нүдний эвэрлэг бүрхүүл хөлдөнө. Өнгөц хөлдөлтийн үед эвэрлэгийн гаднах бүрхэвчийн өнгөц хэсэг цайрдаг. Хоёрдугаар зэргийн хөлдөлтийн үед эвэрлэгийн гаднах бүрхэвч бүхэлдээ хөлдөж, хатуурдаг.

Гуравдугаар зэргийн хөлдөлтийн үед нүдний алим хөлдөж, цусны судсанд мөсний талст үүсдэг байна. Энэ гэмтлийн үед эмчилгээ хэдэн долоо хоногоор үргэлжилдэг бөгөөд хүнд зэргийн хөлдөлтийн үед нүдний эдийн гэмтэл их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор мэс засал эмчилгээ хийх шаардлага гардаг.

Судалгаанд оролцсон нийт 529 хүүхдээс 52,3 хувь нь ямар нэг байдлаар мориноосоо унаж байсан гэж хариулсан бол 196 нь ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн гэжээ.

  • 51 хүүхэд толгой өвдөж, тархи доргисон,
  • 55 хүүхэд биеийн хэсэг хөхөрч, шалбарч шархалсан,
  • 50 хүүхэд хөл гараа гэмтээж, хугалсан,
  • 34 хүүхэд хөл, гар нүүр хацраа хөлдөөсөн,
  • 9 нь нуруу, нугасаа гэмтээсэн гэж хариулжээ.

Хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гэмтсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан уу? гэсэн асуултанд

  • 44.8 хувь нь үгүй,
  • 33.1 хувь нь заримдаа,
  • 22.6 хувь нь тийм гэж хариулсан байх бөгөөд эмнэлгийн тусламж аваагүй шалтгааны 63.6 хувь нь ялимгүй гэмтэл байсан хэмээн хариулсан байна.

Дашрамд сануулахад, 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр уяачид дур мэдэн Дүнжингарав наадмыг зохион байгуулсны улмаас 9 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдэж байв.

ӨВӨРМОНГОЛД ЯАГААД ӨВӨЛ МОРЬ УРАЛДУУЛДАГ ВЭ?

БНХАУ-ын Өвөрмонгол нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй Монгол Улстай харьцуулахад нэлээд дулаахан газар юм.

Монгол Улсын газар нутагт өвөлдөө -50 градус хүрдэг газар ч бий. Харин Өвөрмонголын цаг агаарыг өвөл, хаврын улирлыг харуулвал:

Улирал Хүйтэн Дулаан
Өвөл 1 сар -14с -18 -2с +11
2 сар - 6 + 20
3 сар +4 + 20

“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.