“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо
 

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

/2024.11.01/

Бүтэн сарын туршид улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 31-ний энэ өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод боллоо. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон энэ арга хэмжээний үеэр хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл тавьж, санхүүгийн мэдлэг олгох аппликейшн танилцуулж, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө” дэвтрээ хэн сайн хөтлөх вэ? сэдэвт уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа.


Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Монгол дахь сан, Монголын банкны холбооноос хамтран уламжлал болгон зохион байгуулдаг тус аян нь энэ жил “Зорилготой хуримтлуулъя” уриа дор хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжсэн бөгөөд хүүхэд залуучуудад зориулсан хуримтлалыг дадал болгох чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаануудаас гадна хүүхэд, залуучуудын дунд гар зураг болон цахим орчинд хуримтлалын ач холбогдлыг сурталчилсан зураг, постерын уралдаануудыг ч мөн зохион байгуулсан юм.


Дашрамд сонирхуулахад, жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэдэг ба энэ хүрээндээ аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгож, өргөн хүрээнд сургалт, сурталчилгааны ажлыг өрнүүлдэг. Анх 1924 онд Италийн Милан хотоос эхлэлтэй тус арга хэмжээ нь өнөө жил 100 жилийнхээ ойтой золгож байгаагаараа онцлогтой байлаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр” нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог нь иргэд олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны бодлого, үйл ажиллагаатай нийцтэй байх тул 2017 оноос тус аянд нэгдсэн түүхтэй. Улмаар санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах, холбогдох сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангах хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаа ч уриалж, өргөн хүрээнд татан оролцуулж, хамтран ажилласаар ирлээ. Энэ нь ч үр дүнгээ өгч манай улсын хэмжээнд 2024 оны 9 дүгээр сарын байдлаар хадгаламжийн хэмжээ 24.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 25.7% өссөн үзүүлэлттэй байна.

Шашин хоорондын анхдугаар яриа хэлэлцээр боллоо
Шашин хоорондын анхдугаар яриа хэлэлцээр боллоо
 
Өдөрт 7800 гаруй иргэн томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
Өдөрт 7800 гаруй иргэн томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.