“Шашин хоорондын анхдугаар Улаанбаатарын яриа хэлэлцээр: Эв нэгдэл, харилцан ойлголцол, шашны эрх чөлөө” сэдэвт олон улсын яриа хэлэлцээр Монгол Улсад анх удаа аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд боллоо.
Энэхүү олон улсын яриа хэлэлцээрт шашны олон талт төлөөллүүд болон гадаад дотоодын эрдэмтэн докторууд оролцлоо.
Манай улсын хувьд эртний түүхээсээ бөө мөргөл, тэнгэр шүтлэг, бурханы шашин, христ, ислам зэрэг шашны олон урсгал чиглэлүүд энхтайвнаар зэрэгцэн оршиж, өнөөдрийг хүртэл хөгжиж иржээ. Хэдийгээр шашны үйл ажиллагааг социализмын 70 жилийн турш зогсоож, иргэдийн үзэл бодлыг дарж ирсэн боловч 1990 оны ардчилсан хувьсгалын дараа бурханы шашин идэвхтэй түгэн дэлгэрсэн нь монголчуудын оюун санаанд шашны нөлөө, үр үндэс байсаар ирсний тод илрэл биз ээ.
Хүн ам орон сууцны 2010, 2020 оны тооллогуудад шашин шүтдэг хүмүүсийн тоо 61,4 хувиас 59,4 хувь болж өөрчлөгдсөн нь монголчуудын шашинд хандах хандлага харьцангуй тогтвортой байгааг илтгэнэ.
МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимээс гаргасан “Монгол Улс дахь шашны төлөв байдал” судалгаанд дурьдсанаар Монгол Улс дахь сүсэгтнүүд, шашны урсгал чиглэлүүдийг үндсэн таван бүлэгт хуваан үзжээ.
Шашны урсгал чиглэл |
Итгэгчдийн хувь |
Буддын шашны урсгал чиглэлүүд |
70,3% |
Христийн шашны урсгал чиглэлүүд |
8,2% |
Исламын шашин |
6,8% |
Бөө мөргөл болон тэнгэр шүтлэгийн хэлбэрүүд |
11,8% |
Шинэ шашин болон нэн шинэ шашин |
2,9% |
Эдгээр шашны чиглэлүүд нь дотроо урсгалуудад мөн хуваагдана. Тухайлбал, Христийн шашин Католик, Ортодокс (Үнэн алдартан), Протестант гэсэн гурван үндсэн чиглэлд хуваагдах ба эдгээрт Евангелист, Лютеран, Пресбитериан, Англикан, Методист, Баптист, Пентагост зэрэг 10 гаруй урсгал байна.
“Шашин хоорондын анхдугаар Улаанбаатарын яриа хэлэлцээр: Эв нэгдэл, харилцан ойлголцол, шашны эрх чөлөө” сэдэвт олон улсын яриа хэлэлцээрт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дээрх шашны байгууллагуудын төлөөлөл бүгд нэгэн дээвэр дор цуглан, шашны эрх чөлөөний талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн нь түүхэн үйл явдал болсныг дурьдах нь зүйтэй.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлийн “Шашны хоорондын харилцан хүндэтгэл ба ойлголцол” илтгэлд өгүүлсэнчлэн шашин нь хүний үйл хөдлөл, ертөнцийг үзэх үзэлд ихээхэн нөлөөтэйн зэрэгцээ шашин хоорондын яриа хэлэлцээрт шашны байгууллагын төлөөллүүдээс гадна шүтлэгтнүүд, шашингүйн үзэлтнүүд, иргэний нийгмийн төлөөлөл бүгд оролцож болох ажээ. Чухал нь, харилцан нэгнийхээ хамтын үйл ажиллагааг дэмжиж, зүрх сэтгэлийг мэдрэх гэв. Мөн С.Дэмбэрэл Шашин хоорондын яриа хэлэлцээрийн ач холбогдол болон түүнийг үр дүнтэй болгох 7 алхмыг дараах байдлаар томъёолжээ.
- Эхлээд өөрийнхөө итгэл үнэмшлээс өөр итгэл үнэмшилтэй хүний ялгаатай байдлыг мэдэх
- Өөр байдлыг нягтлан шинжилж, нээлттэй хандах. Өөрийнхөө шашны болон бусад шашны бусдыг хайрлан энэрэх ёс зүйн үнэт зарчмуудад хүндэтгэлтэй хандах, өөрийнхөө бусад шашинд хандах явцуу байдлаасаа салах
- Бусдын талаарх уламжлалт үзэл, чиг хандлагаасаа салж, бусдаас суралцах, бусдыг ойлгох, өөрийн оюун санааны итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх боломжийг шашин хоорондын яриа хэлэлцүүлэгт оролцсоноор бий болгох
- Өөрийн итгэл үнэмшилдээ бусдын талаарх шинэ мэдлэг тээж сурах, оюун санааны өөр арга зам байдлыг ухаарах
- Бусдын ертөнцийг үзэх үзэл, үзэл бодлын талаарх дотоод бодол санаа нь өөрчлөгдөж, бусадтай харилцах харилцаанд эерэг болгоно
- Өөрийн болон ертөнцийн илүү өргөн хүрээнд сэтгэх
- Өөрийн амьдрал, зан төлөв, нийгмийн харилцаа, шашин хоорондын харилцаанд эерэг талаас нь хандах хандлагатай болох
Мөн Шашин судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор С.Цэдэндамба, доктор, дэд профессор Ж.Алтайбаатар нарын “Нийгмийн хөгжилд шашны гүйцэтгэх үүрэг: тогтвортой хөгжил ба шашин” сэдэвт илтгэлд нийгмийн хөгжилд шашны гүйцэтгэж буй үүргүүдийг дурьдсан юм.
“Шашин хүмүүс хоорондын харилцааг зохицуулахдаа нийгмийг эв нэгдэлтэй, амар тайван байлгаж, нийтлэг үнэт зүйлсээ хуваалцах боломжийг олгодог. Нийгмийн зөрчилдөөнийг зөөлрүүлж, энхтайвныг сахин хамгаалдаг” гээд “Ёс суртахууны хэм хэмжээг тогтоосноор шашны ертөнцийг үзэх үзэл, сургааль, ёс суртахууны гол зарчмуудаар дамжуулан ёс зүйн хэм хэмжээг тогтоож, хүн хоорондын харилцааг зохицуулах тогтолцоог бүрдүүлдэг” гэсэн юм.
Хуралд оролцогч Монголын Мусульман Шашны Холбооны гүйцэтгэх захирал К.Ержан Коран судар нь “Унш, унш бас дахин унш” гэж эхэлдэг бөгөөд ислам шашин нь бусад шашны ном сургаалийг уншиж, ялгаатай байдлыг танин мэдэж, өөр рүүгээ өнгийж, дэлхий ертөнцийг өргөн хүрээтэйгээр харах боломжийг бий болгох үндэс нь болдог гэлээ. Мөн Монгол Улсад ислам шашинтнууд нь эрх чөлөөтэйгээр оршин амьдардаг тул монголдоо баярлаж талархан явдаг гэдгээ илэрхийлсэн юм. Бид К.Ержаны ярилцлагыг дэлгэрэнгүйгээр нь та бүхэнд хүргэх болно.
Өөр нэг сонирхолтой сэдэв хурлын үеэр дурьдагдсан нь шашин цаг үетэйгээ нийлэн хөгжиж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа- 2050” болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад өөрийн үр нөлөөгөө өгч байгаа талаарх илтгэл байв. Тухайлбал, “Нийгмийн янз бүрийн бүлгүүдийн эрх тэгш оролцоог хангах, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, залуучуудын хөгжлийг дэмжих, харилцан нэгнээсээ суралцахад шашны байгууллагууд чухал нөлөөтэй” гэж үзсэн байна.
БНСВУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Шашин судлалын хүрээлэнгийн дэд дарга Нуэн Ван Куй “Шашин хоорондын яриа хэлэлцээр ба Вьетнамын нийгмийн эв нэгдэл” илтгэлдээ тус улсын төрийн байгууллагууд нь шашны үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлдэг талаар дурьдаад, “Шашинд итгэгчид нь харилцан нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах нь чухал юм. Шашнуудын удирдагчдын яриа хэлэлцээрээр дамжуулж үүнийг хийх нь илүү үр дүнтэй байдаг” гэлээ.
Хуралдаан хоёр өдөр үргэлжилсэн юм. Эхний өдрийн хуралдаан нь Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр буюу аравдугаар сарын 23-нд Гандантэгчэнлин хийдэд болсон бол хоёр дахь өдрийн хурал нь Чингис хааны музейд болж, гадны болон дотоодын зочдод тус музейг тайлбартайгаар хүргэв. Их Эзэн Чингис хааны баримталж байсан зарчмаар Монгол Улсад олон шашин энхтайвнаар зэрэгцэн оршиж ирсэн бэлэгдлийг энэхүү музейд болсон хурлын агуулга батлан өгүүлэв.
Энэхүү олон улсын яриа хэлэлцээрийг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн философи, шашин судлалын тэнхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Бригам Янг их сургуулийн олон улсын эрх зүй, шашин судлалын төв, Номын гурван хүрдэн сан хамтран зохион байгуулсан юм.