\2024.10.20\
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай С.Лаянсын албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Сенатын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн гишүүдтэй хоёр талын уулзалтууд хийв. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм.
Түүнчлэн Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт хамрагдаж буй айл өрхөөр зочилж, Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсын энэхүү айлчлал нь Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, Иж бүрэн түншлэлийн түвшинд ахиулах хоёр талын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дэд дарга О.Батнайрамдал, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смит болон албаны бусад хүмүүс үдлээ.