/2024.08.26/
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа.
Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын гүнзгийрсэн байсан 1-1.5 метр лаг хагшаасыг цэвэрлэсэн бол үргэлжлүүлэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж байна. Тус завь нь голын дагтаршсан лаг хагшаасыг 100 баллын хүчээр хөөлгөн хөдөлгөж, 300 баллын хүчээр сорон авдаг юм.
НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд нэг цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай. Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараагаар мод, зүлэг болон ногоон байгууламжийг хийнэ. Цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ болон Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан юм. Дараагийн төлөвлөгөө бол Сэлбэ сэргэлт төсөл юм. Уг төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина.” гэлээ.
Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа бөгөөд “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа юм.
Лаг хагшаасыг сорох явцад ахуйн хог хаягдал гарч байна. Мөн ойр орчимд баригдсан барилгууд хэрэглээний усаа гол руу шахаж байсан учраас дагтаршсан цементийн хаягдал их хэмжээгээр гарч байгааг “Дархан биг трэйд” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Гантулга хэлж байв.
Эх сурвалж НЗДТГ