/2024.04.23/: Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт боллоо.
Энэхүү уулзалтаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх гарц эрэлхийлэх, хөгжлийн үр шим ба хэрэгжилтийг хурдасгах, иргэдэд хүрэх үр өгөөжийг дээшлүүлэх, холбогдох байгууллагуудын оролцоо, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын дарга ноён Мухаммед Эсан Хан, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин болон Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй яам, төрийн байгууллагуудын албан тушаалтнууд оролцлоо.
Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банкны гишүүн орноор элссэн бөгөөд 1991-2023 онд нийт 4.0 тэрбум ам.долларын санхүүжилтийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт авч, нийгмийн болон бодлогын шинэчлэл, дэд бүтцийн хөгжил, мэдлэг ур чадвар, шинэлэг ноу хауг нутагшуулахад ашиглаж ирсэн.
Одоогийн байдлаар Монгол Улсад Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр 1.7 тэрбум ам. долларын өртөгтэй нийт 31 зээл, тусламжийн төсөл, 41 сая ам.долларын 44 техник туслалцааны төсөл хэрэгжиж байна.
Эх сурвалж: Сангийн яам