/2024.04.18/: Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийлээ.
Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд нэг удаа хуралджээ. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Тухайлбал, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, өргөн мэдүүлсэн нь Ирээдүй өв сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулах томьёоллыг боловсруулжээ. Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Мөн Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг мөн төсөлд тусгахаар танилцуулж байгаа аж.
Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт авав.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны холбогдоах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: УИХ