/2024.04.15/: Монгол Улсын Засгийн газрын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн Ассоциаци хооронд 2020 оны есдүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 4 дүгээр тогтоолыг үндэслэн “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” батлагдсан.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд 2024 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээ олгоно.
Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх зэрэг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
- Хөтөлбөрийг ХНХЯ удирдлага арга зүйгээр хангаж, ХНХСҮСИ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулах байгууллагыг холбогдох журам, шаардлагын дагуу сонгон шалгаруулна.
- Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.