/2024.04.15/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил, гепатитын вирусийн халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгооний шинэ технологитой танилцаж, санал солилцлоо.
Тус төв нь гепатитын В, Д, C вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, Д вирусийн халдвартай иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах, гепатитын вирусийн халдвартай иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх зорилгоор 30 гаруй нэр төрлийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон байна.
Лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр С.Чинзориг сайд гепатитын вирусийн халдвартай иргэдийн мэдээллийн сантай болох тал дээр анхаарч ажиллахыг сануулсан.
Тэрбээр, ДЭМБ-ын аргачлалаар тооцоход манай улсад Д вирусийн халдвартай 66 мянган иргэн байгаа гэдэг бол тус төвийн хяналтад 3800 иргэний судалгаа байдаг. Тиймээс оношилгоо, шинжилгээнд суурилсан бодит мэдээллийн санг яаралтай үүсгэх шаардлагатай байна.
Түүнчлэн гепатитын В, С, Д вирусийн эмнэлзүйн заавар, удирдамжийг баталж тандалт, оношилгооны асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, орон нутагт лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гепатитын вирусийг илрүүлэх, тоолох, шинжилгээ хийх санхүүжилтийг хуваарилсан. Тиймээс орон нутагт эдгээр нарийн шинжилгээг хийж эхлэхэд ХӨСҮТ мэргэжил арга зүйгээр бүрэн хангаж, шат дараатай хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиглэл өглөө.
ХӨСҮТ-ийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч Г.Саруул гепатитын вирусийн халдвартай иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тав тухтай орчин бүрдүүлэх, түргэн шуурхай үйлчлэх, урт хугацааны вирусийн эсрэг өдрийн эмчилгээнд хүлээгдэл, чирэгдэлгүй хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, халдваргүй иргэдэд В вирусийн эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулж байгаа талаар танилцуулсан.
С.Чинзориг сайд хэлэхдээ “Ковид 19 цар тахлын үед 21 аймаг молекул биологийн шинжилгээг хийж, ХӨСҮТ-ийн лаборатори руу эргэлзээтэй, баталгаажуулах, хянуулах шинжилгээний сорьцоо “Монгол шуудан”-гаар илгээх тогтолцоотой болсон байдаг. Уг ажлыг эрчимжүүлж байж оношилгоо, эмчилгээний үр дүн дээшилж, гепатитын вирусийн халдвартай иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээүзүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Оношилгоо, шинжилгээний үйл явц, вирусийн ачаалал тоолох шинжилгээний шинэ тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар ХӨСҮТ-ийн гепатит, энтеровирусийн лабораторийн эрхлэгч Г.Сарангуа танилцуулсан бөгөөд орон нутагт оношилгоо шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа гепатитын вирусийг илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг нэвтрүүлж бэхжүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах нь нэн чухал байгааг дуулгасан.
С.Чинзориг сайд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гепатитын В, Д вирусийн тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батлагдсаныг хэлээд уг үйл ажиллагааны хүрээнд В, Д вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдах иргэдийн тандалт судалгааг эрчимжүүлэх, гепатитын вирусийн халдварын тархалтыг бууруулах, бүх шатны эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй зохион байгуулахад ХӨСҮТ-ийг манлайлж ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: ЭМЯ