2024 онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

/2024.03.29/: Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:

-2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто зам зэрэг насжилт хэтэрч, удаан хугацаанд их засварт ороогүй замуудыг шинэчилж сайжруулна. Авто замыг засаж шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатандаа орсон.

-Зам засвар шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд гүйцэтгэх вэ?

-Засвар шинэчлэлийн хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд замын нүхэн эвдрэлийг засах, нуман заадас буюу хагарлыг гагнах, тэмдэг тэмдэглэгээг сэргээх зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэх юм.

-Засварын ажлууд хэзээнээс эхлэх вэ. Тухайн замыг ямар хугацаанд засаж шинэчлэх вэ?

-Зам засвар арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл тогтмол хийнэ. Авто замуудыг засварлахдаа 72 цагийн өмнө олон нийтэд мэдээлж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хэсэгчилж хаан, 24-48 цагийн хугацаанд засварын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жилийн хувьд их хэмжээний хур тунадас, шар усны үер зэргээс шалтгаалан авто замд эвдрэл гэмтэл их гарч байна. Энэ тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засах зэрэг ажлыг хийж байгаа.

-Өнгөрсөн жил болон энэ жил хур тунадас их хэмжээгээр орлоо. Засвар шинэчлэл хийх замуудад борооны ус зайлуулах шугам байгаа юу. Ус зайлуулах шугамгүй замуудад шинээр хийх үү?

-Энэ онд засвар шинэчлэл хийх авто замууд ус зайлуулах ил болон далд шугамтай. Засвар арчлалт хийхдээ тухайн шугамуудыг авто замын түвшинд тааруулж, гадаргуу дээрх усыг бүрэн хүрээн авах нөхцөлийг бүрдүүлэн, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хийнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг
Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.