П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай

/2024.03.28/: Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын төлөөлөл, архитекторуудтай уулзаж, хуулийн төслийг хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, УБЗАА, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, ЖАЙКА зэрэг хот байгуулалтын 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шинэ Зуунмод хотын зарим бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн ч цаашдын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Хот байгуулахдаа хүний эрхийг хангаж, эдийн засгийг зөв төлөвлөн, зах зээлийг оновчтой хуваарилах хэрэгтэй. Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч дагуул хот бүрийн төлөвлөлт, цаашдын концепц, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай, өөр өөрийн онцлогтой учраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Уг хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг хийх боломжтой болно. Уг дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн суурийг нэмэгдүүлэх юм” хэмээлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Шинэ Зуунмод дагуул хотыг зэргэлдээх сум, бүс нутагтай уялдуулан төлөвлөх, хотын төлөвлөлтөөр ажлын байр, амьдрах орчныг бий болгох талаар хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг хэлсэн юм.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд [email protected] цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой. Хуулийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулгыг http://scsez.ub.gov.mn/blog/principalActivities/citizenParticipation/feedback/1/1 холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Эх сурвалж: НЗДТГ

ЦЕГ: Дуудлага, мэдээлэлд тавих хяналтыг нэмэгдүүлж байна
ЦЕГ: Дуудлага, мэдээлэлд тавих хяналтыг нэмэгдүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.