/2024.03.27/: Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэн, хүүхдийн зураг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж гуйх үйлдэл удаа дараа давтагдаж байна.
Тухайлбал, цагдаагийн байгууллагад 23 настай, эмэгтэй, М гэгч нь “Мөнхзаяа” нарын нэртэй 5057645379, 5168373373, 5168634655, 5169107297, 5169641639, 5303137844, 5304191028, 5304314938, 5305028505, 5306303978 зэрэг банкны данс ашиглан энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт прокурорын байгууллагын байнгын хяналтад хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Өчигдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр "Check.mn" сайтад тавигдсан “сэрэмжлүүлэг” мэдээллийг тодруулахад “Tsedendamba Davaasambuu” цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар Б.Батбаяр нэртэй 5306662327 дугаарын данс бичиж, бусдаас хандив тусламж гуйсан ба тухайн цахим хаяг, зураг нь Орхон аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад 2018 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, 2023 онд цахим хаягаа алдсан иргэний мэдээлэл хууль бусаар ашиглагдсан болохыг тогтоосон.
Иймд эх сурвалж тодорхой бус, баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүссэн тохиолдолд анхаарал болгоомжтой байж, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ